82 настай “бүргэд ”Испанийн уулчин Карлос Сориа өдгөө 82 настай. Тэрбээр Хималайн нурууны мөнх цаст оргилуудын нэг болох I Дхаулагирид энэ сарын 26-нд авирчээ. 8167 метрт оршдог буюу дэлхийд хамгийн өндөр оргилуудын долдугаарт бичигддэг ууланд авирахаасаа өмнө тэрбээр уулчдын суурь баазад 13 хонож, орчиндоо зохицох бэлтгэлээ базаасан аж. 82 настай уулчин тус оргилд авирсан нь анхны тохиолдол бол Карлосын хувьд I Дхаулагири оргилыг зорьсон 12 дахь оролдлого нь юм. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хавар авирахаар уулчдын баазад байрлаж байх хугацаанд нь коронавирусийн улмаас аврилтыг цуцлах шийдвэр гаргасан юм байна. Уг авиралтын үр дүнгийн талаар одоогоор мэдээлэл алга. Юутай ч тэрбээр хүсэл зорилгоо биелүүлж чадвал “14x8000” сорилтын аварга болно.
Карлос Сориа анх 14 настайдаа найз Антонио Рианотойгийн хамт далайн түвшнээс дээш 2428 метр өндөрт орших, Испанийн Пеналара уулын Сьерра де Гуадаррама оргилд авирсан аж. Энэ нь сонирхлын дагуух аялал байсан бол 1960 онд 21 настайдаа тэрбээр мэргэжлийн түвшинд, илүү хүнд, бэрхшээлтэй тэс өөр зүйл үзүүлэхийг зорьж моторт дугуйгаар Альпийн нуруу хүртэл явжээ. Үүнээс найман жилийн дараа буюу 1968 онд Оросын хамгийн анхны уулчдын багт оролцон Европын оргил Эльбрус (5642 метр) рүү авирчээ. Дараа нь 1971 онд Америкийн хойд хэсгийн хамгийн өндөр уул Денали (6194 метр)-ийг зорив. 1973 онд анх удаа 8000 метрийн өндөр оргилд буюу Хималайд амжилттай авирч, хоёр жилийн дараа эл амжилтаа дахин давтсан Карлос 71 настайдаа 2010 онд дэлхийн ноён оргилуудын наймд эрэмбэлэгддэг Манаслуг “эзэлжээ”. Түүний авиралтын онцлог нь уулчдын багт оролцохгүйгээр ихэвчлэн шерпа буюу нутгийн хөтчийн хамт явах, өөрөөр хэлбэл, илүү “эрсдэлтэй”, адал явдалтай байх гэж өөрөө тодорхойлжээ. Нас бол тоо гэдгийг баталж буй тэрбээр K2 (8611), Өргөн оргил (8047), Макалу (8463), Манаслу (8163), Лхоце (8516), Канченжунга (8586), Анапурна (8091) ууланд гарсан хамгийн өндөр настнаар бүртгэгдсэний зэрэгцээ 70-аас дээш насандаа дэлхийн бүх тивийн хамгийн өндөрт тооцогддог долоон оргилд авирчээ. Тодруулбал, Эльбрус (Европ-1968), МакКинли (Хойд Америк-1971), Аконкагуа (Өмнөд Америк-1986), Эверест (Ази-2001), Винсон (Антарктид- 2007), Карстенсен (Далайн орнууд 2010), Килиманжаро (Африк 2010)-д мөрөө үлдээсэн аж. Карлос Сориа одоогийн байдлаар 60-аас дээш насандаа цэнхэр гаргийн хамгийн өндөр 14 уулын есөд нь амжилттай авирсан цорын ганц уулчин юм. Уулчид түүнийг “хашир бүргэд” хэмээдэг. Тэрбээр өнгөрсөн онд Испанийн телевизид өгсөн ярилцлагадаа “Би 2021 оны авиралтыг “Ковид-19”-ийн улмаас нас барсан өндөр настнуудын дурсгалд зориулах болно. Магадгүй энэ миний сүүлчийн авиралт байж мэднэ” хэмээжээ.