Номхон далайн төв хэсэгт, Экваторын бүсэд оршдог Кирибати хэмээх жижигхэн улсын иргэд цэнхэр гаргийнхнаас хамгийн түрүүнд наран авхайтай “уулздаг”, бас шинэ оныг угтдаг онцлогтой. Газар зүйн байрлалын хувьд бөмбөрцгийн дөрвөн хэсэгт байрладаг онцгой хувьтай цорын ганц улс учраас ийнхүү “эртлэн” шинэ оноо угтдаг байна. Түүнчлэн Кирибатийн нийслэл Таравагийн газар нутаг нь хэд хэдэн арал дээр байрладаг онцлогтой. Тус улсын газар нутаг нь 812 ам километр бөгөөд 33 арлаас бүрддэг, Үүнээс 13 дээр нь хүн амьдардаг. Хэдийгээр ийм жижигхэн ч гэлээ ч нийт нутаг дэвсгэрийн хувьд 3.5 сая ам км гэж үздэг бөгөөд далайн эргийн эдийн засгийн онцгой бүсэд тооцогддог байна. Ийм онцлог байршлаасаа хамаарч хүмүүсийнх нь амьдралын хэв маяг, өв соёл нь тун өвөрмөц Кирибати дэлхийн дулаарлын улмаас далайд “шингэх” магадлал хамгийн өндөр аж. Оршин буй Банаби арал нь өдгөө далайн түвшнээс дээш 1.8 метрт байгаа бөгөөд хагас зууны дараа гэхэд усан доор орж, уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн анхны золиос болох аюултайг олон улсын шинжээчид гурван жилийн өмнө албан ёсоор зарласан. Энэ утгаараа ойрын 50 жилд улсаараа нүүж, хүн төрөлхтний түүхэнд бас нэгэн онцгой хуудас нэмж мэдэх юм. Үүнд Засгийн газар нь эртнээс бэлтгэж, Австрали, Шинэ Зеланд улсад хандан Кирибатийн иргэдийг байнга оршин суугчийн эрхтэй болгохыг хүссээр иржээ. Кирибатичуудын хувьд гарцаагүй нүүрлэх гамшгийг гай зовлон гэж үзэхгүй “Бид агуу аялагч өвөг дээдсийнхээ уламжлалыг үргэлжлүүлэн дэлхийгээр тархан аялах зарлигийг тэнгэрээс авсан залгамжлагчид болно” хэмээн шүтээн болсон тэнгэртээ залбирдаг аж. Өнөөдрийн хувьд тус арлынхны хамгийн их санаа зовж байгаа асуудал нь уламжлалт хүнс нь болох бвабваи хэмээх ургамлыг хамгаалах. Намгархаг газарт ургадаг бвабваи бол олсорхог, булцуут үндэс бөгөөд багцаар ургадаг, таван жилийн хугацаанд боловсорч гүйцээд дээш хөвөн гарч ирдэг юм байна. Уг ургамал давстай орчинд ургадаггүй. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бага багаар түрэн орж ирж байгаа далайн уснаас болж жил ирэх тусам ургац алдах болжээ.
Кирибати хэлний үгсийн сангийн багагүй хувийг ургамалтай холбоотой үг, хэллэг бүрдүүлдэг гэнэ. Үүгээр тус газрынхны амьдрал, хоол хүнс, уламжлал ямар болохыг тодорхойлох үндэстэй гэж судлаачид тэмдэглэсэн байна.
Кирибатичууд алга дарам арлаа зүрх шигээ хайрладаг учраас буудаллаад өнгөрөх усан хөлгүүд, зорчих гадны хүмүүсийг байнга ажиглаж, хог хаяулахгүй гэж анхаардаг аж. “Хүний нутагт хүндэтгэлтэй ханд” гэж сургадаг тэд зөвхөн явуулынханд хатуу шаардлага тавьдаггүй. Өөрсдөө ч экологийн бохирдлыг багасгахын төлөө, эх дэлхийн том асуудал дулааралд санаа тавьж, цахилгаан хэрэглэхээс сүүлийн үед татгалзах болсон аж. Кирибати хэлэнд газар, хүн гэсэн үг адил бичигддэг, утга нэгтэй байдаг нь үүнтэй холбоотой. Тус арлынхан аалз шүтдэг, учир нь 33 арлыг нь эл шавж тороороо холбодог гэсэн домогтой юм байна. Өөрийн гэсэн цэрэг армигүй цөөхөн улсын нэг нь Кирибати юм.
Бэлтгэсэн Э.Хана