Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах тухай мэдээлэл Японы хэвлэлүүдэд нийтлэгдсэнийг Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-наас баталгаажуулсан байна. ЭСЯ-ны мэдээлэлд “Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах болсон талаар NHK агентлагаас энэ сарын 27-ны өглөө 05.19 цагт мэдээлэв” хэмээн дурджээ. Тэрбээр 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд зодоглохдоо 1187 даваа авсан юм. Их аварга энэ жилийн Нагоя башёд нэг ч уналгүй 45 дахь түрүүгээ хүртэж, хувийн дээд амжилтаа шинэчилсэн. Тус барилдааны дараа их аварга NHK агентлагийн сурвалжлагчид “Хэд хэдэн удаагийн гэмтлийн улмаас миний биеийн байдал сайнгүй байгаа. Цаашид барилдах, эсэх талаар бодох зүйл их бий” хэмээн өгүүлж байв.
Бэлтгэсэн Г.Бат