Танил эгчийн минь хүү долдугаар ангийн сурагч. Удтал гэртээ “хоригдсон” хүү ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар хичээллүүлэх шийдвэр гарахад хагартлаа баярлажээ. Найзуудтайгаа уулзах нь гэж ихэд хөөрсөн гэнэ. Энэ намраас эхлээд хичээлдээ гойд анхаарч, мэрийлттэй сурна гэж аав, ээждээ ам гарчээ. Ийм сайхан амлалт сонссон эцэг, эх баярлахаас яах вэ. Танхимын болон цахим сургалт хослуулах учраас, мөн халдварын нөхцөл байдлаас хамаараад зайнаас хичээллэж болзошгүй тул аав нь түүнд iPad авч өгчээ. Зөвхөн амралтын хоёр өдөр өөр зориулалтаар, бусад өдөр хичээлээ давтах, ангийн найзууд, багш нартайгаа харилцах, хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор ашиглах болзолтойгоор хүүгээ ийнхүү шагнасан байна. Хүү сурах хүсэл эрмэлзэл дүүрэн, баяр хөөртэйгөөр хичээлдээ явж эхэлсэн аж.
Харин хоёр дахь долоо хоногоос хүүгийн идэвх илт буурчээ. Танхимын бус, цахим сургалтыг илүүд үзэх болов. Ээж, аавыгаа эзгүйд өдөржин тоглож, цагаа үр ашиггүй урсгах болсон байна. Хүү нэг өдөр ээждээ “Ер нь цахимаар хичээллэсэн нь дээр юм” гэжээ. Учир шалтгааныг нь шалгаахад математик, физик зэрэг гол хичээлүүдээ ойлгохгүй, хэцүү байгаагаа хэлжээ. “Хувьсагчтай тэгшитгэл зааснаас хойш толгой эргэж гүйцлээ. Багш ангийнхныг нэг, нэгээр нь самбарт дуудахад надаас бусад нь зөв бодсон” хэмээн сэтгэл гонсгор яриад, өмнөх жил үзсэн алгебрын долоон томьёогоо ор тас мартсан байснаа хэлжээ.
Том хүүгийнхээ боловсролд юу юунаас ч илүү санаа тавьдаг эцэг, эх маргааш нь математик, англи хэл, физикийн багштай нь биечлэн уулзжээ. “Хичээлдээ муудсан. Тогтож, анхааралтай суухгүй байна. Өмнөх хичээлүүдийг нь сэргээж, давтуулах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө өгчээ. Ингээд тэд хүүгийнхээ утас, iPad ашиглах цагийг хязгаарлаж, хичээлийн хоцрогдол арилгах төлбөртэй сургалтад хамруулж эхэлжээ. Хүүд амралтын өдөр үгүй болов. Аав нь “Он дуустал ийм хуваариар чардайлгана. Англи хэл, математикийн гурван сарын сургалтын төлбөрт 1.5 сая төгрөг тушаалаа. Зургаа, долдугаар ангийн хичээлээ бүрэн ойлгоогүй хүүхэд геометр, хувьсагчтай тэгшитгэл яаж ойлгох билээ. Сургалтын төвийн багш нь урьдчилсан сорилоор түвшнийг нь тогтоогоод, түүнийхээ дагуу хичээл зааж буй” хэмээв. Ингэж ярихдаа тэрбээр сэтгэл амарсан шинжтэй байсан юм.
Энэ бол бодит жишээ, нэгэн гэр бүлд тохиолдсон явдал. Харин өөр хэчнээн айлд ийм асуудал тулгарч, тэдний хэд нь хүүхдээ сонсож, “оношилж”, тулгамдсан бэрхшээлийг хамтдаа даван туулж буй бол. Үр хүүхдээ боловсрол, мэдлэгтэй болгох юм сан гэсэн хүсэл бүх эцэг, эхэд байдаг ч тэр хэмжээгээр анхаарал хандуулах, хөрөнгө зарах боломж бий бил үү. Бас сурагч бүр мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй бүхнээ гэр бүлийнхэндээ ний нуугүй хэлж, хүлээн зөвшөөрдөг болов уу. Эдгээр асуултад итгэл төгс хариулахад туйлын бэрх. Ялангуяа цар тахлаас үүдэлтэй хямралд удаан хугацаанд дарлуулсан өнөө цагт бүр ч ярвигтай болж хувирав. Гэхдээ нэг л зүйл маш тодорхой байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагч коронавирусээс ч аюултай хоцрогдол хэмээх тахалд ямар нэг хэмжээгээр өртсөн. Тэдний зарим нь үүнийгээ мэдэхгүй, нэг хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй, нууж байна. Харин цөөн хэсэг нь ээж, аав, багшдаа үнэн учраа хэлж буй. Улмаар эцэг, эхчүүд “Хүүхдийнхээ хоцрогдлыг хэрхэн арилгаж, мартсан зүйлсийг нь яаж сэргээх вэ” хэмээн толгойгоо гашилгах болов. Боломжтой нь хүүхдийнхээ боловсролд энэ мэтээр (дээрх жишээ) хөрөнгө оруулж, боломжгүй нь хий дэмий халаглаж сууна.
…Дэлхий нийтэд бол үндсэн хичээлийн хажуугаар нэмэлт агуулгын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эсвэл амралтын хугацааг ашигладаг. Манай улс энэ чиглэлийн үнэлгээ, судалгааг хэтэрхий орой эхлүүлсэн учир хөтөлбөрөө шахуу хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал. Хугацаа алдах тусам боловсролын салбар илүү их хохирол амсана…
Уг нь бид өдийд сошиалаар “сэвсэн” хэрүүл тэмцэл бүрт “хувь нэмэр” оруулахын оронд боловсролын салбарын хямрал, хоцрогдлыг улс нийтээрээ хэлэлцэх ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яамны нэн тэргүүнд анхаарах, онцгой ач холбогдол өгөх асуудал нь энэ байх учиртай. Гэвч бодит байдалд эл асуудалд дорвитой шийдэл олж чадаагүй л байна.
Засгийн газар өнгөрсөн хавар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнахдаа сурагчдын хичээлийн хоцрогдол нөхөх, арилгах гурван жилийн цогц төлөвлөгөөг хэдийн боловсруулсан гэж мэдээлсэн. БШУЯ-наас томилсон ажлын хэсгийнхэн “174 мянган сурагч хичээлийн хоцрогдолд өртсөнийг судалгаагаар тогтоосон. Тооцоо, судалгаанд үндэслэн 2021-2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа. Залгамж холбоог тогтоох, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, тогтворжуулах үндсэн гурван зорилтыг үүнд тусгасан” гэсэн юм. Нийслэлийн Боловсролын газрын дарга “Бид Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насныхны сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган, ажиллаж байна” хэмээн онцолсон. Засгийн газар, боловсролын асуудал хариуцсан яам, агентлагийнхны мэдээлж, тайлагнаснаар бол хоцрогдол нөхөх хөтөлбөр хэдийн бэлэн болсон, бүр хэрэгжүүлээд эхэлсэн гэсэн ойлголт төрүүлж буй юм. Гэвч бодит байдалд энэ ажил дөнгөж эхэлж байна. Сурагчдын хоцрогдлын зэргийг тодорхойлох үнэлгээний ажлыг хэдхэн өдрийн өмнө эхлүүллээ.
Эл ажлыг хариуцсан, БШУЯ-ны мэргэжилтнүүдээс хөтөлбөрийг хэдийнээс хэрэгжүүлэх, тандалт, судалгааны ажил хэзээ дуусахыг тодруулахад “Оношлох үнэлгээний дүнг ирэх сард эцсийн байдлаар танилцуулна. Үүнд үндэслэн хэрэгжүүлэх арга зам, төлөвлөгөө боловсруулах юм. Тодруулбал, агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлах, суралцах үйл ажиллагааг дэмжих бодлого, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ. Эхний ээлжид багш нарыг судалгаанд хамруулсан бол одоо дараагийн шатны сорилыг II-XII ангийн 64 мянга орчим сурагчаас авч байна” гэлээ. Эндээс үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдол арилгах хөтөлбөрийг чухам хэдийнээс, ямар арга замаар хэрэгжүүлэх нь бүрхэг байна. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гурван жилийн эхнийх нь “бичиг цаасны ажил”- аар дуусах нь гарцаагүй болов.
Манай улс одоогийнх шиг удаан хугацааны, ийм хүнд сорилттой нүүр тулж байгаагүй. Цахим технологийг сургалтын хэрэглэгдэхүүн болгож, удаан хугацаанд ашигласан анхны тохиолдол энэ байв. Түүнчлэн сурагчид нийтээрээ хохирч, сурлагын хоцрогдолтой бүхэл бүтэн хоёр үеийнхэн ерөнхий боловсролын сургуулиас оюутны ширээнд шилжсэн “шинэлэг” үйл явдал тохиолоо. Энэ үүднээсээ хоцрогдол нөхөх хөтөлбөр боловсруулах нь, хэрэгжүүлэх нь боловсролын салбарынхны хувьд шинэ ажил юм. Шинийг хэрэгжүүлэхэд туршлага дутах, алдах нь бий. Тиймээс долоо хэмжиж, нэг огтлох зарчим баримтлах хэрэгтэйг мэргэжлийн судлаач онцоллоо.
Боловсролын үнэлгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хараат бус боловсрол” төрийн бус байгууллагын судлаач Ж.Ганчулуун “Зохих түвшний мэдлэг, агуулгыг эзэмшээгүй хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрийг хоцрогдол нөхөх гэж тодотгодог. Өөр шинэ зүйл судлах, мэдэх ёстой хугацаандаа өмнөх агуулгыг давтахаар цаг хугацаа их алддаг. Энэ бол хамгийн том гарз хохирол. Ялангуяа төгсөх ангийн сурагчид шаардлагатай мэдлэг, боловсролыг хугацаандаа авч чадаагүйгээс ихээхэн хохирол амсдаг. Дэлхий нийтэд бол үндсэн хичээлийн хажуугаар нэмэлт агуулгын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эсвэл амралтын хугацааг ашигладаг. Манай улс энэ чиглэлийн үнэлгээ, судалгааг хэтэрхий орой эхлүүлсэн учир хөтөлбөрөө шахуу хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал. Хугацаа алдах тусам боловсролын салбар илүү их хохирол амсана. Зарим хүн боловсролын хоцрогдлын асуудлыг шатахууны хомсдолын дараа эрэмбэлж магадгүй. Гэтэл энэ нь улсын эдийн засаг, ажиллах хүчний нөөц, нийгмийн хөгжил гээд олон чухал асуудалтай холбоотой” гэв.
Харин ОХУ-д математикийн багшаар суралцаж төгсөөд, өдгөө Орхон аймагт мэргэжлээрээ ажиллаж буй Ш.Амартүвшин “БШУЯ сурагчдаас оношлох үнэлгээний шалгалт авч байгааг буруутгах гэсэнгүй. Гэхдээ 60 мянга гаруй хүүхдэд хэвлэн тарааж байгаа материалын зардлыг тооцоолбол, багш, мэргэжилтнүүдэд учруулж буй чирэгдлийг бодвол энэ бүхнийг цахимаар төвөггүй зохион байгуулах боломжтой байв. Тэртэй тэргүй хоёр жилийн хагаст нь цахимаар хичээллэж, улсаараа “Дижитал үндэстэн” болохоор зүтгэж байгаа шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Мэргэжлийн судлаач болон багшийн эл үгийг холбогдох албаны хүмүүс шүүмжлэл гэхээсээ илүү зөвлөгөө хэмээн харж, цаашдын үйл хэрэгтээ тусгах нь үр дүнтэй мэт санагдана. Нээрэн л боловсролын хоцрогдол бол бүх зүйлээр хоцрогдохын үндэс. Сурлагын хоцрогдол тодорхойлох сорилыг танхимаар авч, багш, сурагчдад хүндрэл учруулахын оронд цахим технологиор хөнгөвчлөх боломж байв. Энэ зэргийн үнэтэй, оновчтой зөвлөмж өгөх мэргэжилтэн, судлаачдыг БШУЯ ажлын хэсэгтээ томилсон гэж найдъя. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг дээ.