“Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулагч “Рио тинто” группийнхэн Монгол Улсын Засгийн газрыг Лондоны олон улсын арбитрын шүүхэд өгч, татвар төлөх хувь хэмжээг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд буй. Гэхдээ “Рио тинто”-гийнхон татварын маргаанаа түр хойшлуулж, тохиролцох санал тавьсан. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын ажлын хэсгийнхэн харин үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм билээ. Энэ нь ч зөв.
Тусгаар тогтносон Монгол Улс үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу татварын хяналт, шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг “Оюутолгой” ХХК-иар төлүүлэх ёстой. Энэ асуудлаар “Оюутолгой” ХХК-ийнхан Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийнхний шийдвэрийг эсэргүүцэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг юм.
Туурга тусгаар Монгол Улсын захиргааны хэргийн шүүх үндэсний хууль тогтоомжийнхоо хүрээнд шийдвэрлэсэн татварын маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэдгийг олон хуульч хэлж буй. Хэдийгээр хөрөнгө оруулагч, хүлээн авагч тал гэрээндээ арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт оруулсан ч гэлээ Монгол Улсын шүүхээр нэгэнт шийдвэрлэчихсэн асуудлаар арбитрт хандах нь ач холбогдол муутайг хэд хэдэн хуульч бидэнд мэдээлсэн юм. Уншигчдадаа ойлгомжтойгоор тайлбарлавал, олон улсын нэгэн байгууллагын жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, цагдаад торгуулчихаад түүнийгээ төлөхгүй, арбитраар шийдвэрлүүлнэ хэмээн явж буйтай агаар нэг аж.
Оюутолгойн орд газраас ямхын төдий өгөөж хүртэж буйн цаад шалтгаан нь 66 хувийг эзэмшдэг үндэстэн дамнасан корпорацынхны зальт бодлогоос улбаатай төдийгүй Монголын хууль тогтоомжийг үл ойшоодгийн илрэл нь төлөх ёстой татвар, хүү, алдангийг төлөлгүй луу унжиж Лондоны олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа явдал. Харин тус шүүхэд хандахаас өмнө манай улсын хуулийн дагуу татварын маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар уншигчдадаа хүргэе.
ТАТВАР ТӨЛӨХГҮЙН ТУЛД ХУГАЦАА ХОЖИЖ БАЙНА УУ
“Оюутолгой” ХХК татварын улсын байцаагчийн ногдуулсан шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан байж. Харин уг зөвлөлийнхөн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ. Гэтэл “Оюутолгой” ХХК-ийнхан шүүхэд “Үндсэн хууль болон Татварын, Захиргааны ерөнхий хуулиар олгосон гомдол гаргах эрхийг зөрчсөн үйлдэл. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 15-ны 37 дугаар захиргааны актын улмаас Үндсэн хууль, бусад хуулиар олгосон төрийн байгууллагад гомдол гаргах эрх зөрчигдөөд байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр бидний гомдол гаргах болон хууль бусаар ногдуулсан татварыг төлөхгүй байх эрх сэргэж, татварын маргаантай асуудлаа мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэх, хуулиар олгосон эрхээ зохих ёсны дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм” хэмээн гомдол гаргажээ.
Харин Татварын ерөнхий газрынхан хариу тайлбартаа “Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тавдугаар зүйлд “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны гуравдугаар сарын 22- нд баталсан Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Улмаар Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 47.1-т “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй” хэмээн гомдол гаргах хугацааг тодорхой заасан байгаа. Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх хугацаанд татвар төлөгч нь эрх бүхий албан тушаалтны үйлдсэн шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо маргаан таслах зөвлөлд бус, захиргааны хэргийн шүүхэд гаргах зохицуулалт үйлчилж байсан. Үүний дагуу “Оюутолгой” ХХК-иас гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамж хүчин төгөлдөр байна” гэжээ.
Түүнчлэн Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэлмүүн “Оюутолгой” ХХК хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй. Хуульд заасан эрхүүд нь нээлттэй байсан. Дотоод, гадаадын шүүхээр гомдлоо шийдүүлэх эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. Ийм муу жишиг тогтоож болохгүй гэдэг саналтай байна. Татвар төлөхгүйн тулд тодорхой хэмжээнд хугацаа хождог хууль хоорондын асуудалд гомдол гаргаж байгаа нь тохиромжгүй” гэсэн байна. Үнэхээр “Оютолгой” ХХК-ийнхан Монгол Улсад төлөх ёстой татвараа төлөхгүйн тулд элдэв аргаар хугацаа хожиж байна уу гэлтэй.
“ОЮУТОЛГОЙ” ХХК ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨНӨӨ ХҮЛЭЭЖ БАЙВ
Татварын ерөнхий газрын нэр бүхий байцаагч нар “Оюутолгой” ХХК-ийн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны нэгдүгээр сарын 10-нд 367201801 дугаартай шийтгэлийн хуудас бичжээ. Улмаар “Оюутолгой” ХХК-д хялбаршуулсан журмаар шийтгэл оноосон аж. Харин тус компанийнхан татварын байцаагчдын шийтгэлийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Үүнийх нь хариуд татварын албаныхан 2018 оны хоёрдугаар сарын 15-нд 01/636 дугаар албан бичгээр “Оюутолгой” ХХК-д хариу хүргүүлсэн байна. Уг албан бичигт “Танай компани татварын хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу эрх бүхий этгээдээр өршөөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байна” гэжээ. Үүнээс үзэхэд “Оюутолгой” ХХК-ийнхан Монгол Улсад төлөх ёстой татвараа төлөөгүйгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, түүгээр ч зогсохгүй Татварын өршөөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байсан бололтой.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат “Оюутолгой”-н нэхэмжлэлтэй уг хэргийг хянан хэлэлцээд Захиргааны болон Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасныг баримтлан “Оюутолгой” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 15- ны 37 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ҮҮ
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”-г батлахдаа Монгол Улсын хууль, олон улсын жишиг үнэд тулгуурласан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нь татварын хууль тогтоомжоор заагаагүй зохицуулалт нэмж оруулах, үг үсгийг нь солих, татвар тооцох суурийг гажуудуулах замаар татвар ногдуулах харилцааны үндсэн гурван ойлголтыг өөрчилсөн гэж хуульч, шинжээч, судлаачид үздэг. Тодруулбал, Ашигт малтмалын бүтээгдэхүүн, Олон улсын жишиг үнэ, Лабораторийн дүгнэлт гэх заалтууд нь хууль тогтоомж, гэрээгээ зөрчсөн гэнэ. Жишээ нь, Ашигт малтмалын бүтээгдэхүүн гэх ойлголтыг “Дубайн гэрээ”-нд “Бүтээгдэхүүн гэдэг нь доорх (а-г) заалтуудын дагуу дээж авч, сорьцын шинжилгээгээр агууламжийг нь тодорхойлсон хуурай тонноор хэмжигдсэн баяжмалд агуулагдах зэс, алт, мөнгийг хэлнэ гэж заасан байна. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээний 16.40 дэх хэсгийн “бүтээгдэхүүн гэдэг нь судалгаа, шинжилгээ, туршилтын зориулалтаар ашигласан, олборлолт, боловсруулалт, эсхүл тээвэрлэлтийн явцад гарсан бүх хаягдал, хорогдлыг суутган тооцсоны дараах үндсэн үйл ажиллагааны үр дүнд гарган авсан 16.40-1 “хүдэр, эрдэс, баяжмал, дахин баяжуулсан болон цэвэршүүлсэн бүтээгдэхүүнд агуулагдах бүх зэс, алт, мөнгө, молибден”, 16.40-2 “зэс алтны хүдэржилтэд аливаа хэлбэрээр агуулагдах металл, эрдсийг” хэлнэ гэж заасан байна. Тэгэхээр “Дубайн гэрээ”-г батлахад үг үсгийг нь сольж өөрчилж, татвараас зайлсхийх боломж бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй нь.
Оюутолгойн орд зөвхөн зэсээр тогтохгүй 10 төрлийн ашигт малтмалын нөөцтэйг уншигчид мэдэж буй нь лавтай. Татварын байгууллагын тооцоолсноор тус компани 777.7 тэрбум гаруй төгрөгийн АМНАТ Монгол Улсад төлөх ёстой аж. Харин “Оюутолгой” ХХК-иас холбогдох төрийн байгууллагад хүргүүлсэн тайландаа 689.8 тэрбумын АМНАТ төлсөн гэж тусгажээ. Энэ нь магадгүй “Дубайн гэрээ”-г байгуулахдаа оруулсан үг үсгийн өөрчлөлттэй ч холбоотой байж болох. Уншигч та хүснэгтээс хөнгөн цагаанаас цайр хүртэлх АМНАТ-өө тайландаа тусгаагүйг харж байна. Үүний зөрүү 87.8 тэрбум гаруй төгрөг Монгол Улсад орж ирээгүй, монголчууд бидний эрх ашиг хохирсон гэсэн үг. Энэ мэтээр хуудуутай зүйл заалтуудыг Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын ажлын хэсгийнхэн эргэн харж, эх орныхоо ирээдүйд анхаарлаа хандуулах шаардлагатай юм.
Бэлтгэсэн Г.Равжаа