Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улстай хамтран ажиллах сайдыг анх удаа томилоод буй аж. Сайд Даба-Жалсан Шагжиевич Буриад, Монголын ард түмэн түүхийн салшгүй, нягт холбоотойг онцлоод, цаашид харилцаагаа шинэ түвшинд гаргах зорилгоор талууд 2013 онд байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэх талаар онцолсон. Тэд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.
Мөн өдөр Засаг дарга Д.Сумъяабазар Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй цахим уулзалт хийлээ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдсэнийг Засаг дарга дурдаад, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө санхүүгийн зөв бүтэц, зохион байгуулалт чухал болохыг тэмдэглэв. Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа цаашид Улаанбаатарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.