Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн 29 настай Н энэ сарын 8-нд гэрээсээ мотоциклоо унаж яваад сураггүй болсон тухай мэдээлэл ар гэрийнхнээс нь цагдаа, онцгой байдлын байгууллагад иржээ. Үүний дагуу Дундговь аймаг дахь Цагдаагийн газрынхан Онцгой байдлын хэлтсийн алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулсны дүнд 16 хоногийн дараа дээрх сумын нутаг дахь Цагаан овооны нүүрсний уурхайн хонхорт тогтсон уснаас цогцсыг нь олжээ. Улмаар хэргийн газар болон цогцост үзлэг хийхэд бусдад хорлогдож амиа алдсан нь тодорхой болсон гэнэ. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрынхан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, гэм буруутай хүнийг илрүүлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулснаар сэжигтэй хоёр хүнийг илрүүлэн, цагдан хорьж шалгаж эхэлжээ. Уг хэргийг талийгаачтай нэг нутгийн Б, М гэх хоёр хүн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ.
Хүний амь бүрэлгэсэн энэ хэргээс гадна банканд зэвсэглэн халдсан этгээдийг цагдаагийнхан олж саатуулжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн XXI хорооны нутаг, “Буянт-Ухаа-2” хорооллын 1042 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкны тооцооны төвд энэ сарын 9-ний 16.00 цагийн үед банкны ажилтныг ганцаараа ажиллаж байх үед 40-50 орчим настай эрэгтэй хүн хутга тулган дээрэмдэхийг завдсан юм. Цагдаагийнхан гэмт этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн ням гарагт уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай Э гэх эрийг баривчлан, таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон аж. Түүнд Эрүүгийн хуулийн 17.2-3.2-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Бэлтгэсэн Г.Орчлон