Улсын хэмжээнд өчигдөр “Ковид-19”-ийн улмаас 19 хүн эндлээ. Энэ нь хоногт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болсон юм. Коронавирусийн дельта хэлбэр өргөн хүрээнд тархсаны улмаас манайд цар тахлын гурав дахь давлагаа үүсэж, нас барсан хүний тоо энэ сарын дундаас илт нэмэгдээд байна. Үүний зэрэгцээ биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч ихсэж байгаа аж. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзсаны үндсэн дээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын ажиллах хуваарийг 22.00 цагаар хязгаарлах шийдвэрийг УОК-оос гаргав. Уг шийдвэрийг ирэх сарын 20 хүртэл мөрдүүлэх юм байна. Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-иос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
“Ковид-19”-ийн тархалт ихэссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхны ачаалал эрс ихсэж, өвчилсөн иргэдийн олонх нь эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УОК-оос нийслэл болон орон нутагт нэмж 684 ор гаргахаар болжээ. Үүнээс илүү нөөц боломж эрүүл мэндийн салбарт байхгүй, дахин ор дэлгэлээ ч эмч, мэргэжилтэн хүрэлцэхгүйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон. Өөрөөр хэлбэл, энэ нь манай эрүүл мэндийн салбарын хувьд эцсийн нөөцөө шавхсан хэрэг аж. Түүнчлэн УОК-оос гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах журмаа хүчингүй болгов. Ингэснээр ирэх сарын 15-наас хойш гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй, нисэх буудал дээр PCR шинжилгээнд хамруулсны дараа шууд нэвтрүүлэх гэнэ.
Цар тахлын үед эмнэлгүүд хүний нөөцийн дутагдалд орж, эмч, ажилтнууд сайн дураар ажлаасаа гарах тохиолдол нэмэгдсэнийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өчигдөр мэдээлэв. Тодруулбал, эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, бусад чиглэлийн 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан нь тогтоогдсон байна. Үүнээс үүдэн улсын хэмжээнд 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай болжээ.
Бэлтгэсэн М.Оч