ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Жереми Браун манай улсад айлчилж буй нь олны анхааралд өртөж, Б.Хурцын асуудлаар Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлж магадгүй хэмээн чих тавьж байв. Түүний айлчлалыг угтуулж “Шударга шүүх”, “Улс төр менежментийн академи” зэрэг төрийн бус байгууллагынхан ГХЯ-ны үүдэнд өчигдөр жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргыг суллахыг шаардсан захидлыг ноён Ж.Браунд хаягласан ч эзэндээ очоогүй гэнэ.
Английн сайд үүнийг өөрөө нотлов. Харин Засгийн газарт нь уг шаардлага хүрснийг тэрбээр хэллээ. “Манай Засгийн газар болон миний бие Б.Хурцын асуудлаар дүгнэлт, санал бодлоо илэрхийлэх эрхгүй. Шүүх бол төрөөс хараат бус, шийдвэрээ бие даан гаргах эрхтэй байгууллага. Гэхдээ энэ асуудлаар өнөө өглөө (өчигдөр) танай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Д.Цогтбаатартай уулзаж мэдээлэл солилцсон. Миний айлчлал урьд нь төлөвлөгдсөн байсан. Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөж үүлэх боломжийг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэх нь айлчлалын гол зорилго. Танай улсыг ардчиллын загвар орон хэмээн Англи улс үздэг.
Бид Монголын эдийн засгийн төлөв байдлыг гайхалтай өөдрөгөөр харж байгаа” хэмээн Ж.Браун зорилгоо тодорхойлов. Яамныхаа Азийг хариуцсан сайдын хувьд Монголд хийсэн айлчлалын дараа БНХАУ, БНСУ, Япон болон Азийн бусад оронд ажиллах томилолттой гэсэн. Тэрбээр өчигдөр 17.30 цагт мэдээлэл өгөхөөр “Кемпински” зочид буудалд сэтгүүлчдийг урив. Товлосон хугацаанаасаа 30-аад минут хоцорч ирсэн түүнээс Б.Хурцтай холбоотой асуудлаар үг сонсохыг сэтгүүлчид илүүд үзсэн юм.
-Манай улсад суугаа танай ЭСЯ болон ГХЯ-ны орчимд Б.Хурцыг суллахыг шаардаж Монголын төрийн бус байгууллагуудаас хэд хэдэн удаа эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Бас Танд хандаж шаардлага хүргүүлсэн гэсэн. Түүнийг хүлээж авсан бол хариу өгөх боломжтой юу?
-ТББ-ын шаардлагыг миний бие хүлээж аваагүй. Харин манай Засгийн газар хүлээж авсан. Монголчууд энэ асуудлыг сонирхож, санаа зовж буйг ойлгож байна. Миний зүгээс тайлбар, мэдэгдэл хийх эрхгүй. Учир нь асуудлыг шүүх хэлэлцэж буй. Английн шүүх улс төрөөс хараат бус байгууллага. Түүнд хэн нэг нь нөлөө үзүүлэх эрхгүй. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйд Б.Хурцтай холбогдох асуудал сөрг өөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж байна.
-Б.Хурцын асуудлаар танай Засгийн газар байр сууриа илэрхийлэх боломжгүй гэсэн үг үү?
-Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Энэ асуудалд Засгийн газар оролцож, байр сууриа илэрхийлэх боломжгүй. Шүүх хэн нэгний албан тушаал, нэр хүндийг харгалзаж шийдвэр гаргадаггүй. Нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргадаг.
-Монголд сууж асан Элчин сайдыг яг ямар үндэслэлээр эргүүлэн татсан юм бэ. Үйл ажиллагааны алдаа гаргасан учраас ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн мэдээлэл байдаг?
-Манай яамны ажилтнуудтай холбоотой мэдээллийг олон нийтэд задлах дүрэм журам байхгүй. Түүнтэй холбоотой асуудал нууц. Монголд чадварлаг Элчин сайд томилогдсонд баяртай байгаа. ЭСЯныхаа үйл ажиллагааг өргөжүүлж, улам идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар Английн Засгийн газар төлөвлөсөн. Монгол Улсад ИБУИНВУ-аас суугаа Элчин сайд, хатагтай Торда Абботт Вотт хэвлэлийн бага хуралд оролцсон юм. Б.Хурцын гэр бүл болон хамтран ажиллагчид түүнийг хууль бусаар баривчилсан хэмээн үзэж ЭСЯ-нд шаардлага тавьсан ч хариу өгөөгүй. Түүнд ямар тайлбар өгөх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргах эрх бидэнд байхгүй. Төрийн сайдын адил байр сууртай байна” хэмээн хэлэв. “Лондон-2012” олимпод оролцох манай улсын тамирчдыг бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ж.Браун Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой өчигдөр уулзах үеэрээ илэрхийлж, олимпийн бэлтгэлд зориулан 25 мянган паундын тусламж үзүүлэх болсноо дуулгажээ. Монгол Улсыг Европын холбоотой түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа Шадар сайд М.Энхболд Ж.Браунд илэрхийлсэн байна.