Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Эерэг Монгол” чуулганыг JCI Монгол байгууллагын JCI Централ салбар байгууллага 2019 оноос санаачлан жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн билээ. 2019 онд анх зохион байгуулагдахдаа тухайн үеийн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг ОУ-ын байгууллага, төсөл хөтөлбөрүүд болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг нэг дор цуглуулж үйл ажиллагааны чиглэлээр нь хооронд нь холбож өгч байсан түүхтэй.
Энэ жилийн “Эерэг Монгол 2021” Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо” гэсэн уриатайгаар есдүгээр сарын 20, 23, 27-нд болж буй бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж байгаа нь чуулганы цар хүрээ болон ач холбогдол нь жилээс жилд өргөжин тэлж буйн илрэл гэж JCI Монгол байгууллагаас дүгнэж байна.
Учир нь энэ жилийн чуулган зохион байгуулах хорооноос тэгш оролцоог хангах гэсэн зорилт тавьсан бөгөөд уг зорилтынхоо хүрээнд анх удаа Төрийн байгууллага, Олон улсын байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод болон Ажил олгогчдын төлөөллийг чуулганд хамруулж чадсан юм.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” гэсэн багц сэдвүүдийг хөндөж буй цуврал хэлэлцүүлэг хуралдаанд биетээр болон цахимаар давхардсан тоогоор нийт 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар удирдан явууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Ноён Тапан Мишра, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, JCI Монгол байгууллагын 2021 оны ерөнхийлөгч Г.Баярмагнай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бангкок дахь бүсийн товчооны Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Вайденкафф, JCI Централ салбар байгууллагын 2021 оны ерөнхийлөгч Г.Тэлмэн болон бусад холбогдох яам, төрийн байгууллага, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүндтэй зочид төлөөлөгчид мөн оролцож байна.
Энэ жилийн чуулганы гол зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнд тулгарч буй гол асуудал бэрхшээлийг тодорхойлох түүнийг даван туулахад нөлөөлөхүйц санал зөвлөмжүүдийг нэгтгэн гаргаж Монгол Улсын Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдэд танилцуулах юм. JCI Монгол байгууллагын хувьд нийгэмрүү чиглэсэн аливаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж чаддаг, энэ утгаараа Эерэг Монгол 2021 чуулганыг өндөр зохион байгуулалттай зохион байгуулж байгаад чуулганд оролцогч талууд талархал илрэхийлж байна.
“Эерэг Монгол - 2021” чуулганаар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” гэсэн 2 үндсэн хэлэлцүүлэг хийж, нийт 14 илтгэл тавьж, оролцогч талуудаас санал хүсэлт болон шийдлийг авч дууслаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ үеэр “Эерэг Монгол 2021” чуулганы гол ач холбогдлыг Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Халамжаас Хөдөлмөрт шилжих” гэсэн бодлогыг бүрэн дүүрэн хамарч чадсан, цаг хугацааны хувьд маш оновчтой таарч байна гэж тодорхойлсон бөгөөд JCI Монгол байгууллагын залуучууд шийдвэр гаргалтын түвшинд залуусын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэхээр энэхүү чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулж, манлайлан оролцож байгаад тусгайлан талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Олон улсын байгууллагын төлөөлөгчид бусад улс орны тэргүүн туршлага болон Монгол Улсад нэн шаардлагатай байгаа бодлогын зарим нэг шийдлийг санал болгож байсан бол ТББ-ууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан нь оролцогчдод өгөөжтэй байж төсөл хөтөлбөрт нь хамрагдах хүсэлтээ илэрхийлж байлаа.
Хуралдааны бас нэг онцлог нь Тэгш оролцоог хангах, Хэн ч ард хоцрох ёсгүй хамтдаа гэсэн зорилгыг шингээж өгсөн бөгөөд оролцсон залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ТББ-ын төлөөлөл энэхүү арга хэмжээнд талархаж буйгаа илэрхийлэн цаашдаа цар хүрээг нь өргөжүүлж, жил бүр тасралтгүй зохион байгуулж байхыг хүсэж байсан юм.
Хувийн хэвшлийн зүгээс тавьж буй илтгэлүүд багагүй анхаарал татаж байсныг энд дурдах нь зүйтэй. Учир нь өөрсдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох тэднийг дадлага туршлагатай болгох тал дээр багагүй хичээл зүтгэл гаргаж буй нь талархал хүлээж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс шууд ажилд авах боломжтой ажлын байруудын зар түгээж байсан нь оролцогч залууст урам зориг өгч байв.
Нийт зочид төлөөлөгчдөөс бодлогын түвшинд ажиллаж буй албан хаагчдад хандсан багагүй санал, шүүмж өгч байсан ч энэ удаагийн хуралдааны нийт 14 илтгэл, 2 үндсэн хэлэлцүүлэг мөн оролцогчид маань гарц шийдэл санал болгож байсан нь энэ чуулганы хамгийн том амжилт гэж оролцогчид дүгнэж байсан юм.
Хуралдаанаас гарсан санал, шүүмж болон шийдвэрүүдийг зөвлөмж болгон нэгтэж есдүгээр сарын 23-нд болох салбар хуралдаанаар Төрийн байгууллага, ТББ байгууллагын төлөөлөл, иргэд хамтран шүүн хэлэлцэх бөгөөд гарсан үр дүнг есдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулах юм.
Зөвлөмжийн цар хүрээг зөвхөн чуулганд оролцогсдоор хязгаарлахгүй байх үүднээс чуулганы санаачлагч, зохион байгуулагч JCI Централ салбар байгууллагаас дагалдах хурлуудыг мөн бие даан зохион байгуулсан. Уг дагалдах хурлуудад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд оролцож санал бодлоо илэрхийлснийг зөвлөмждөө тусгасан байна. JCI Централ салбар байгууллагаас Зөвлөмж гаргахдаа богино, дунд болон урт хугацаанд шууд хэрэгжүүлж болохуйц саналууд оруулж өгсөн нь их үр дүнтэй болсныг чуулганд оролцогсод онцлож байв. Чуулганы сүүлийн Салбар хуралдаан өнөөдөр үргэлжилж буй бөгөөд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдэд танилцуулах юм.