Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд нь Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны бүртгэлийн журамд заасны дагуу хувьцааны ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг олон нийтэд зарлах үүрэг хүлээдэг. Үүний дагуу “Бодь даатгал” компани хувьцаа халааслах үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаарх шийдвэрээ Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээгүй, олон нийтэд мэдээлээгүй нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Бүртгэлтэй хувьцаат компаниуд үнэт цаасны ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг хууль, журамд заасан хугацаанд олон нийтэд мэдээлж байхыг дээрх биржээс санууллаа.