Улс даяар коронавирусийн дельта хэлбэр тархаж, цар тахлын гурав дахь давлагаа үүссэн ч цэцэрлэг, сургуулиуд үйл ажиллагаа явуулж байгаа. “Ковид-19”-ийн улмаас зарим сургууль, цэцэрлэг танхимын сургалтаа бүрэн зогсоож, цахим хэлбэрт шилжээд буй. Мөн нэг хэсэг нь зарим анги, давхраа түр хааж, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 194 сургуулиас нийт 1000 гаруй тохиолдол илрүүлжээ. Мөн 141 цэцэрлэгийн 171 хүүхэд, 31 их, дээд сургуулийн 469 оюутан, багш халдвар авсан аж. Коронавирус илэрсэн үед бусдад тараахаас сэргийлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах зорилгоор сургууль, цэцэрлэг бүрт тандалт, судалгааны баг ажиллаж буй гэнэ.