Төвбанкнаас банкны салбарын өнгөрсөн сарын зарим статистикийг танилцууллаа. Наймдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 27.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Уг өсөлтийн 17.8 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 10-ыг нь төгрөгийн харилцах, 0.7 нэгж хувийг нь хадгаламжийн бус байгууллагын мөнгө эзэлсэн байна. Тайлант хугацаанд нийт хадгаламжийн хэмжээ 19.2 их наяд төгрөг байсны 86.5 хувь буюу 16.6 их наяд нь иргэдийн, 2.6 их наяд нь байгууллагын хадгаламж байв. Төвбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив 22.2, гадаад цэвэр актив нь таван их наяд төгрөгтэй тэнцжээ.Өнгөрсөн сарын
байдлаар нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 14.4 хувь, нэг сарын хугацаанд 426.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 19.7 их наядад хүрсэн байна. Харин тайлант сард шинээр олгосон зээл өмнөх сарынхаасаа 4.5, эргэн төлөгдсөн нь 136.1 тэрбум төгрөгөөр багасжээ. Чанаргүй зээлийн хэмжээ долдугаар сарынхаас найман тэрбум төгрөгөөр ахин 1.9 их наядаас давсан аж. Чанаргүй зээлийн 20 хувь нь уул уурхай, 19.9 нь боловсруулах үйлдвэр, 14.4 хувь нь барилга угсралтын компанийнханд ногджээ. Ташрамд дурдахад, наймдугаар сард шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 7.6, валютын хадгаламжийнх 2.2 хувь байв. Энэ нь төгрөгийн хадгаламжийн хүү өмнөх оны мөн үеийнхээс 2.9 нэгж хувиар буурсан үзүүлэлт болсныг Төвбанкны тайланд дурдав.