Нийслэлийн дийлэнх зах, дэлгүүрт энэ сарын дөрөвдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 10 800, үхрийнх нь 13 430 төгрөгийн ханштай байсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт үхрийн цул махыг кг-ыг нь дунджаар 14 500, хониныхыг 11 800 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногийнхоосоо 23, ястай махных нь 215 төгрөгөөр өссөн дүн гэнэ. Хаана зарж буйгаас хамаарч махны үнэ кг тутамдаа 3000-5000 төгрөгийн зөрүүтэй байгааг дээрх газрын тайланд дурджээ. Тэгвэл монгол төмсийг кг-ыг нь 800, лууванг 2200, байцайг 1600 орчим төгрөгөөр борлуулсан нь 2.2-5.5 хувиар хямдарсан үзүүлэлт аж. Ташрамд дурдахад, “Хүчит шонхор” захын худалдаачид өнгөрсөн баасан гарагт малчид, нийлүүлэгчдээс ямааны махыг кг-ыг нь 6000-6800, хониныхыг 6000-7500, үхрийнхийг 7000-9500 төгрөгөөр бөөнөөр нь худалдан авсныг ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах” мэдээллийн төвийнхөн дурдав.