Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд 15 аймгийн 176 иргэн, аж ахуйн нэгж оролцон, 700 тонн гаруй төмс, хүнсний ногоо борлуулжээ. Тэгвэл уг үзэсгэлэн худалдааг цаашид үргэлжлүүлэх хүсэлтийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зохион байгуулагчдаас тавьсан байна. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн тариаланчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжин, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр хангаж, үнийг нь тогтвортой байлгах зорилгоор дээрх арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлэхийг НЗДТГ-ынхан зөвшөөрсөн гэнэ. Улмаар Сүхбаатарын талбайд нийт 50 асрыг ногоочдод үнэ төлбөргүй ашиглуулан үйлчилгээ эрхлэх боломжоор хангах бөгөөд энэ долоо хоногт багтаан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Бэлтгэсэн С.Цэрэн