“Оюутолгой” төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт хуралдаж, төрийн зарим байгууллагынхнаас мэдээлэл сонслоо. Усны талаар баримтлах бодлого, говийн бүсийн гүний ус ашиглалтын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Эрдэнэбулган мэдээлэл хийв. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сүүлийн таван жилийн дунджаар 38 хувьтай байгааг шүүмжилж, энэ талаар тодруулсан. Газрын дарга Л.Эрдэнэбулган “Хуулийн хэрэгжилт нь орон нутгаас гарч буй шийдвэртэй холбоотой. Иймд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээн тайлбарлав.
Тус төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүний аудитын талаар БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалтын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Салбарын сайдын 2019 оны тушаалаар, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах журмын дагуу “Оюутолгой” ХХК-ийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, дүгнэдэг. 2010-2020 онд “хангалттай” гэсэн дүн авсан. БОАЖЯ-ны Төрийн сангийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд “Оюутолгой” ХХК-иас нийт 850 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн” гэв.
Үргэлжлүүлэн “Оюутолгой” төслийн усны нөөц ашиглалтын хяналтыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах асуудлын талаар Усны газрын дарга Ш.Мягмар, “Оюутолгой” ХХК-д хяналт, шалгалт хийсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Нямжав нар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Ш.Адьшаа, Н.Наранбаатар нар Усны тухай хуулийг удахгүй шинэчлэх талаар дуулгаад, холбогдох байгууллагуудаас санал оруулах, эрх зүйн шинэчлэлийг хийхэд цаашид нягт холбоотой ажиллах шаардлагатайг санууллаа.