Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй удирдлагын баг өнгөрсөн баасан гарагт “Нээлттэй Улаанбаатар” ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсныг Засаг дарга онцлоод, 2040 он хүртэлхийг сайтар боловсруулах шаардлагатай гэв. Иймд ирэх 29-нөөс аравдугаар сарын 29 хүртэл иргэдээс саналыг нь авах гэнэ. Түүний хэлснээр арванхоёрдугаар сарын 31-ний дотор бодлогын бүх бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг бэлэн болгож, шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллах бололтой.
Ташрамд дурдахад, Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зургаан удаа баталж байжээ. Анхныхыг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийсэн бол 1961, 1976, 1986, 2002, 2013 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Иргэд, олон нийт ulaanbaatar2040.mn цахим хуудас, нийгмийн сүлжээн дэх “Улаанбаатар 2040” хаяг болон харьяа хороогоороо дамжуулан төлөвлөгөөний төслийн талаар мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой гэнэ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 96.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугам, сүлжээг шинэчлэх ажлын 90 хувийг биелүүлээд байгаа. Есдүгээр сарын 28 гэхэд энэ хэсэгт хамаарах байгууллага, айл өрхүүдээс үлдсэн хоёр байранд халаалт өгнө” гэв. Түүнчлэн өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй таван цэцэрлэг, зургаан сургууль, нэг сургуулийн дотуур байр, нэг халаалтын зуух, нийт 13 барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатайг тэрбээр дурдсан. Үүнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд тусгажээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-иуд нийт 4000 гаруй тонн давс, мөн хэмжээний бодис нөөцөлдөг аж. Одоогоор 500 гаруй тонн давс, 1766.7 тонн бодисын нөөцтэй байгаа гэнэ. 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авахаар нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчийг нь шалгаруулаад буй аж.
Мэдээллийн үеэр Засаг дарга Д.Сумъяабазараас нийслэлийн энэ оны төсвийн гүйцэтгэл ямар түвшинд байгааг тодруулахад, “Төлөвлөгөөний биелэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад тааруу байна. “Ковид 19”-тэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хаасны улмаас хүндрэл үүссэн. Нийслэлийн төсвийн 60.5 хувийг хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Одоогоор нийслэлийн төсвийн орлогыг төрийн албан хаагчийн цалингийн суутгал л бүрдүүлж байна. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үе шаттайгаар нээх уян хатан зохицуулалт хэрэгтэй байна” гэлээ.
Бэлтгэсэн У.Наран