Хүүхдийн баяр ойртож, амралтын өдрүүдээр хүүхдүүдээ Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркт тоглуулах гэсэн иргэдийн тоо олширсон. Энэ байдлыг далимдуулан хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс “ажилдаа” гарчээ.
Өнгөрсөн бямба гаригт Хүүхдийн паркт хуурамч тасалбар зарж байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн МҮСАХ-гийн ажилт нуудтай хамтран шалгаад иргэн Э, Д нар хуурамчаар тасалбар үйлдэж, хүүхдүүдэд худалдаж байсныг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт өндөр үнээр түлш борлуулж байсан хүнийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тус дүүргийн XI хорооны иргэн 25 настай П гэдэг эмэгтэй “Монос” компанийн уулзварт машинтай зогсон түлш зарж байжээ. Тэрбээр хувийнхаа “Маяти” маркийн автомашинд нэг тонн гаруй дизель түлш литрийг нь 2000 орчим төгрөгөөр худалдаж байсан гэнэ. Тэрбээр цагдаагийнханд өгсөн тайлбартаа “Түлш ховордох тухай мэдээлэл сонсоод ШТС-уудаас 20-40 литрээр нь худалдаж авсаар нэг тонн гаруйг цуглуулсан. Түүнийгээ худалдаж байна” гэжээ.
Г.ОРЧЛОН