Нефть импортлогч компаниуд шатахууны борлуулалтыг өнөөдрөөс хэвийн горимд шилжүүлэхээ өнгөрсөн бямба гарагт илэрхийллээ. Энэ өдөр 20 вагонд ачсан 1210 тонн АИ-92 шатахууныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс “Наушки” өртөөнд хүргэснийг өчигдөр 17.00 цагт “Сүхбаатар” өртөөгөөр нэвтрүүлжээ. Мөн уржигдар урд хөршийн “Петрочайна интернэшнл” компанийн Хөх хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрээс манай улс руу 50 вагон буюу 2500 тонн АИ-92 бензин ачсан юм. Уг шатахууныг өчигдөр 13.00 цагт Эрээний боомтод авчирсан тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Улмаар Монголд өчигдөр 19.00 цагийн үед оруулж ирсэн гэв.
Ташрамд дурдахад, зарим шатахуун түгээх станц бүтээгдэхүүн олгохгүй байсан бол зарим нь хэвийн борлуулж байв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн V хороонд байрлалтай “Сод Монгол” компанийн шатахуун түгээх станц уржигдар, өчигдөр бүтээгдэхүүн дууссан шалтгаанаар ажиллаагүй байна. Харин “Монсуль”, “Супер” компанийн шатахуун түгээх зарим станц АИ-92, АИ-95-ыг хязгаарлалтгүй олгож байсан бөгөөд дараалал их үүсжээ. Бүх төрлийн шатахууны үнэд өчигдрийн байдлаар өөрчлөлт ороогүй байв.
Бэлтгэсэн Б.Сонор