Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээрийн хөшигний ар дахь мэдээлэл, шатрын өрөг дээрх нүүдэл эхнээсээ тодров. “Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газар, Британийн “Рио тинто” групп эрх ашиг, хүртэх өгөөжөө тэнцүүлэхээр ажиллаж байна. Оюутолгойн эзэн нь Монгол Улс бол “Рио тинто” ордыг ашиглах санхүүжилтийг гаргаж, менежментийг нь хэрэгжүүлдэг. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллароор хэтэрсэн. Тэгвэл гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөснөөс 1.4 тэрбум ам.доллароор хэтэрлээ. Уг нь төслийн өгөөжийн 47 хувийг “Рио тинто”, 53-ыг нь Монгол Улс хүртэх тохиролцоотой. Хөрөнгө оруулалтын зардал хоёр удаа нэмэгдсэнээр өнөөгийн тооцоогоор Монгол Улс уг төслийн өгөөжийн 36 хувийг л хүртэхээр болжээ.
Манай улс “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшиж, үүнд тохирох хөрөнгө оруулалтаа “Рио тинто”-гоос зээлсэн. Мөн менежментийн төлбөрт нийт санхүүжилтийн 3-6 хувийг төлдөг. Анх “Рио тинто”-гоос 700 сая ам.доллар зээлнэ гэж тооцож байв. Тэгвэл зардал нь хэтэрсээр зээлсэн мөнгөний хэмжээ 2.2 тэрбум ам.долларт хүрлээ. Менежментийг нь хэрэгжүүлж буй “Рио тинто”-д хоёр удаа хууртсанаар бидний хүртэх өгөөж үлэмж хэмжээгээр буурсан хэрэг. Товчхондоо, ирээдүйд алдаж мэдэх боломжоо эргүүлж авахаар хэлэлцээ хийж байна гэсэн үг.
Монголын Засгийн газар “Рио тинто” групптэй 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай буй. Гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн. Бид ч дутуу дулимаг харж, ойлгож, мэдэж байсан зүйлсээ цаг хугацааны эрхээр ухаарсан. Туршлага суусан. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, алдсанаа нөхөх гэж байна гэж ойлгож болно. Уг гэрээнд аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, гаалийн, онцгой, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тогтворжуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээг хүчин төгөлдөр мөрдөх 30 жилийн хугацаанд дээрх татваруудын хувь хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэж тохирсон хэрэг. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь байхаар тогтворжуулжээ. Тэгвэл Монголын тал “Рио тинто”-гийнхонд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө зэсийн баяжмалын үнэтэй уялдаатай байдлаар өсгөж, бууруулж байх зохицуулалт тусгах санал тавьсан байна. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах зорилгын хамгийн чухал хэсэг нь.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д зэсийн баяжмалын үнэ 0-5000 ам.доллар байгаа бол тэг, 5000-6000 бол 11, 6000-7000 бол 12, 7000-8000 бол 13, 8000-9000 бол 14, 9000-аас дээш бол 15 хувийг дээр дурдсан таван хувь дээр нэмэгдүүлж тооцох агуулгыг багтаасан заалт бий. Тонн зэсийн баяжмалаа 5000 ам.доллароос бага үнээр борлуулж байвал тухайн аж ахуйн нэгж таван хувиар тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь. Харин зэсийн баяжмалын үнэ 9000 ам.доллароос дээш тохиолдолд тав дээр 15-ыг нэмээд 20 хувиар тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалтыг өдгөө “Эрдэнэт үйлдвэр” л хэрэгжүүлдэг. Тиймээс “Оюутолгой”-гоос их мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг юм. Дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 9000 ам.доллароос дээш гарсан. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 20 хувиар тооцон төлж буй. Тэгэхээр энэ жил тэднийх “Оюутолгой”-гоос хавьгүй их татвар, хураамж улсын төсөвт төвлөрүүлэх нь ойлгомжтой. Энэ татварын хувь хэмжээг хэтийдсэн өндөр гэж уул уурхайн салбарынхан үздэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Хуулийн шинэчилсэн найруулгад дээрх төлбөрийн хувь хэмжээг арай бууруулж, тусгах болов уу гэж таамаглаж байна. Шинэ хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг бууруулж тусгана. Түүнийгээ хүлээн зөвшөөрүүлж, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг “Рио тинто”-гийнхноос шаардах болов уу. Үүнийг хүлээн зөвшөөрүүлж чадвал зэсийн үнэ дээшилсэн үед “Оюутолгой” компани “Эрдэнэт үйлдвэр”-тэй адил өндөр өгөөж өгдөг болно.
“Рио тинто” Засгийн газрын саналыг хүлээж авах дургүй байгаа нь илэрхий. Тэд хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүйгээр зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрүүлээд, “Дубайн гэрээ” гэж нэрлэх болсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг тодотгоод, хамтын ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх сонирхолтой. Магадгүй гэрээний тодотголд Ханбогдод гарын үсэг зураад, “Дубайн гэрээ” гэх муу нэрээс салахыг хүсэж байгаа биз. Үндсэндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зэсийн баяжмалын ханштай уялдуулан нэмэгдүүлэх нөхцөлийг “Рио тинто” хүлээн зөвшөөрөх дургүй байна гэсэн үг. Яриа хэлэлцээнд оролцож буй хоёр тал маш том зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа нь ийн тодорхой болов. Зөрөлдөөнтэй саналаа нэгтгэж байж хэлэлцээ цааш үргэлжилнэ. Яриа хэлэлцээ сунжирч буй нь зөрүүтэй байр суурьтай холбоотой байсан бололтой.
“Рио тинто”-гийнхноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж бичсэн захидалд ирэх гурван жилд улсын төсөвт нэг их наяд орчим төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал тусгасан. Энэ санал олны анхаарлыг ихээхэн татаж буй. Ерөнхийдөө үүнийг Монголын талын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх саналыг сөргүүлэн тавьсан “өгөөш” гэж ойлгож болох нь. Тэгэхээр “Оюутолгой” компани гурван жил дараалан төсөвт 330 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оруулна гэсэн үг. Тус захидалд үүнээс гадна Засгийн газрын ногдол ашиг авах хугацааг бодитоор наашлуулж, “Эрдэнэс Оюутолгой” компанид ногдох өрийн хэмжээг бууруулах санал тусгасан. “Рио тинто” хөрөнгө оруулалтын зээлийн хүү, менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах боломжтойгоо илэрхийлсэн хэрэг. Хөрөнгө оруулалтын зээлийн хүү 6.5 хувь дээр нэмэх нь “Libor” байгаа. Лондоны банк хоорондын хүү буюу “Libor” нь жилийн 0.22963 хувийн хүүтэй байна. Тэгэхээр “Рио тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой” жилийн 6.73 хувийн хүүтэй зээл авч байна гэсэн үг. “Рио тинто” төслийн хөрөнгө оруулалтын зардлаас гурав, үйл ажиллагааныхаас зургаан хувиар тооцож, менежментийн төлбөр авдаг.
Захидалд дээрхээс гадна Засгийн газрыг хүсвэл “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувь эзэмшлийг үндсээр нь шинэчлэх асуудлыг ярилцах боломжтойгоо дурдсан. УИХ-аас баталсан Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолд “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшихгүйгээр үр өгөөжийг нь бүтээгдэхүүн хуваах, нэмэлт роялти тогтоох хэлбэрээр авах хувилбарыг судлахыг тусгасан юм. Үүнтэй холбогдуулан хувь эзэмшлийг үндсээр нь шинэчлэх асуудлыг ярилцах боломжтойгоо дурджээ. Одоогоор “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувиас татгалзах нь Монголд ашиггүй гэж үзэж буй. Мөн олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй татварын маргааныг түр хойш нь тавьж, яриа хэлэлцээний замаар асуудлаа шийдвэрлэхийг санал болгосон. Өөрөөр хэлбэл, өмнөх татварын маргаанд тохиролцоо хийе гэсэн санал тавьж буй хэрэг. Харин манай талаас арбитрын маргааныг хойшлуулахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон ээлжит хуралдаанаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажлын хэсгийнхэнд зөвлөх санхүүгийн зөвлөхүүдийг томилсон. Ажлын хэсгийнхэн дэлхийд чансаа өндөр хоёр компани сонгон шалгаруулснаа дуулгаж байна. Санхүүгийн зөвлөхүүд яриа хэлэлцээнд санал болгож буй хувилбаруудад тооцоолол хийнэ. Тухайлбал, нэг их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг авсан зөв үү, алс хэтдээ алдаа болж хувирах уу гэдгийг тооцоолно. Нэг их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг аваад “Рио тинто”-гийн бүх саналыг хүлээн зөвшөөртөл хэтдээ төсөл Монголд ашиггүй болж хувирвал яах вэ. Улсаараа авлига авсан хэрэгт унана биз дээ. Зөвлөхүүдийн санхүүгийн тооцоололд тулгуурлаж, Засгийн газар дараагийн нүүдлээ хийх болов уу.
“Рио тинто” группийнхэн гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлж, төслийн явцыг хойшлуулахаас сэргийлэх зорилгоор дөрвөн ажил хийхийг Засгийн газраас шаардаж буй. Эхнийх нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөнд ордын нөөцийн тодотголын тайланг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага юм. Уг тодотголоор Оюутолгойн ордын нөөцийг найман хувиар бууруулсан. Нэг ч өрөм тавиагүй байж нөөцийг найман хувиар багасгасан нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөнд ойлгомжгүй санагдсан. Тэд нөөцийг үндэслэлгүйгээр бууруулахыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс өмнөх хэмжээгээр нь нөөцийн тайланг хүлээн авсан. Дараагийн шаардлага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулах. “Оюутолгой” компани 2018 оноос гүний уурхай байгуулах дизайнаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, шинэ ТЭЗҮ-ийн дагуу ажилласан гэсэн үг. Тиймээс нэгэнт хэрэгжүүлсэн ТЭЗҮ-ийг батлах нь Засгийн газарт ёс төдий ажил. Үүний зэрэгцээ уурхайг эрчим хүчээр хангах урт хугацааны шийдлийг тохирох шаардлага тавьж буй. Засгийн газар Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барьж, “Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангах бодлогын сонголт хийсэн. Одоо хоёр тал гэрээ байгуулж, үнэ тариф, найдвартай ажиллагааны горимоо тохиролцох хэрэгтэй. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Харин “Рио тинто”-гийнхон монголчууд байсхийгээд эрчим хүч нийлүүлэх үнэ тарифаа нэмээд байж магадгүй гэж болгоомжилж буй бололтой. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаагүй өөр хувилбараар шийдвэрлэх санал гаргасан гэнэ лээ. Засгийн газар бодлогын сонголтоо хамгаалж, байр суурьтаа хатуу зогсож, хөрөнгө оруулагчдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.
Эцсийнх нь төслийн бүтээн байгуулалтыг дуусгах зорилгоор оруулж ирэх 1.4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр хүлээн зөвшөөрүүлэх шаардлага юм. Тус компанийн ТУЗ ирэх лхагва гарагт хуралдана. Үүгээр “Рио тинто”-гийн талаас нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөх нь мэдээжийн хэрэг. Хэрэв “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талыг төлөөлж буй гурван гишүүн хүлээн зөвшөөрвөл Засгийн газар зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэг болно. Монгол Улсын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах саналаа хүлээн зөвшөөрүүлэх нэг нүүдэл нь зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал. Тиймээс “Оюутолгой”-н төс вийг ТУЗ нь өмнөхийн адил батлахгүйгээр сунгах болов уу гэж төсөөлж байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээлсэн мөнгөө “Оюутолгой” компани зарцуулаад дууссан. Одоо “Туркойз хилл ресурс”-ээс дахин мөнгө зээлж байгаа аж. Тиймээс төсвийг нь батлахгүй байсан ч яриа хэлэлцээг дуустал гүний уурхайн бүтээн байгуулалт зогсохгүй гэнэ. Хоёр талын байр суурь зөрүүтэй байгаа учраас хэлэлцээ тийм ч хурдтай өрнөхгүй биз. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаасаа няцахгүй гэж харж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулбал хувь нийлүүлэгчдийнхэд ч тусгалаа олох нь ойлгомжтой.