Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтсийн “100 айл”-ын цагдаагийн хэсгийн байрыг 1999 онд ашиглалтад оруулж байжээ. Улмаар өнөөдрийг хүртэл тус байранд үйл ажиллагаа явуулахдаа дүүргийн 10, 11, 12, 13, 14 дүгээр хороодын 13576 өрхийн 38243 иргэнд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг хүртээмжтэй хүргэж ирсэн түүхтэй.
Тус хэсгийн байрны ашиглалтын хугацаа хэтрээд ололн жил болсон гэнэ. Харин өнөөдөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 3 өрөө бүхий 117 метр квадрат барилгыг барьж, тус хэсгийнхэнд хүлээлгэн өгчээ.
Мөн тус Цагдаагийн газрын II хэлтсийн “Бэлх”-ийн цагдаагийн хэсгийн байрыг 1996 онд ашиглалтад оруулсан. Ашиглалтын хугацаа хэтрээд олон жил болсон 1 давхар 2 өрөө барилгад өнөөдрийг хүртэл цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж ирсэн.
Харин дүүргийн төсвөөс хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 3 өрөө, 1 автомашины граж бүхий 98 ам метр талбай бүхий шинэ барилгатай болжээ. Энэхүү барилга ашиглалтад орсноор дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хорооны 12450 өрхийн 40442 иргэнд цагдаагийн ажил, үйлчилгээг хүргэж, илүү хүртээмжтэй ажиллах юм.