Шатахууны хомсдол үүссэн үед иргэдэд болзол тулгаж бүтээгдэхүүнээ худалдаалсан аж ахуйн нэгжид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцлага тооцлоо. Тус газраас "Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фүүдс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа" гэжээ. Тодруулбал, "Синчи фүүдс" ХХК нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас 40,000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн байна.
Уг гомдолд хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг.