ТЕГ-ын хэлтсийн дарга хурандаа Д.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Ч.Ганбаатар нар өнгөрсөн жил буюу 2020 оны гуравдугаар сарын 18-нд Монгол цэргийн баяр тэмдэглэж, “Энканто таун” хотхоны “Bull” ресторанд архидан согтуурч, улмаар зодоон хийсэн байдаг. Тодорхой хэлбэл, хурандаа Д.Давааням багын бас дотнын найз Ч.Ганбаатарынхаа толгой руу шилэн аягаар дараа нь архины шилээр цохиж хүнд гэмтээсэн. Харин Ч.Ганбаатар багын найзаа өмөөрч ширээ мөргөсөн хэмээн мэдүүлсэн гэдэг. Гэвч эл үйлдлийнх нь бичлэг цахим орчинд тархаж, ёс зүйгүй хурандаа нар албанаасаа халагдсан. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас эл үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тус дүүргийн Прокурорын газраас Д.Даваанямд Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, дүүргийнхээ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тэдэнд холбогдох хэргийг шүүж, Д.Даваанямыг гэм буруутайд тооцсон ч 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, биечлэн эдлэх ялаас чөлөөлжээ.