Тахилт буюу ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэд “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороход бэлэн болсон талаар албаныхан мэдээллээ. Тохижилтын ажлын хүрээнд 750 метр дугуйн болон гүйлтийн зам, 8000 ам метр явган хүний зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн гэнэ. Мөн ногоон байгууламжийн ажилд 1500 орчим улиас, хайлаас тарьж, 22 000 ам метр талбайн зүлэгжүүлэлт хийсэн байна. Тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болох юм. Ташрамд дурдахад, гүйцэтгэгчээр “Неон гэгээ” ХХК ажиллажээ.