Нийслэлийн төв талбайн урд, үндсэндээ хотын төв цэгт уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг байршуулаад буй. 2019 онд ХБНГУ-д болсон сэтгэлгээний орон зайн урлагийн олон улсын уралдааны “Nord art prize 2019” шагнал хүртсэн уран бүтээлч энэ төрөл сэдвээрх баримлуудаараа алдартай. Нэг нь НҮБ-ын Нью-Йорк дахь төв байрны өмнө байдаг.
Нийслэлийн соёл урлагийн газраас “Урлагийн хот Улаанбаатар” арга хэмжээ санаачлан хэрэгжүүлэх хүрээнд Монголынхоо шилдэг уран бүтээлчдийн туурвилаас сар бүрт нэгийг олон нийтэд толилуулж байх болсон бөгөөд эхнийхээр нь олон улсын шагналт барималчийн бүтээлийг сонгосон юм билээ. Хотын уур амьсгалд шинэ мэдрэмж нэмсэн төмрөн сүлжмэл “эд”-ийн эргэн тойронд нэлээд яриа болж байна. “Ухамсар” хэмээх бүтээлийн суурь хэсэг дээр хүмүүс гишгэж зургаа даруулсныг “Болно”, “Болохгүй”, “Зөв”, “Ухамсаргүй” гэх зэргээр нэг бол зөвтгөж, эс бөгөөс буруутгажээ. Энэ тухай уран бүтээлчээс тодруулахад “Болно. Олон нийтийг урлагт татах, ойртуулах, оролцуулах зорилготой паблик арт төрлийн болгож бүтээсэн юм. Тийм болохоор ийм өргөн, талбай ихтэй суурь зориуд хийсэн. Улс орнуудын нийслэл намартаа урлагаар амьсгалдаг шиг Улаанбаатарт бас урлагийн тухай, бүтээлийн талаарх яриа амнаас ам дамжин буйд баяртай байна” гэсэн юм. Дэлхийн том хотуудад орчин үеийн дүрслэх урлагийн онцгой бүтээлүүдийг хүндэтгэлтэйгээр байршуулсан байдагчлан манай улсын нийслэлд ч гэсэн өвөрмөц сэтгэлгээ, шийдэл, загвар бүхий туурвилыг энэ мэтчлэн үзүүлэх эхлэлийг тавьжээ хэмээн санаж тодруулсан юм. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Уг байршилд сард нэг бүтээлийг үзмэр болгон харуулъя гэж байгаа юм. Олон нийтийг урлагт ойртуулах, ойлголт өгөх, мэдрэмжийг нь сэрээх зорилготой. “Ухамсар” бүтээлийн тухайд нийслэлд бүрмөсөн байршуулах талаар ярилцаж байна. Шийдээгүй тул одоогоор хэлэхэд эрт байна” гэлээ.
Бэлтгэсэн Р.Жаргал