Сүүлийн үед сүүг эрүүл мэндэд тусгүй хоол хүнсний жагсаалтад оруулж, “ад үзэх” болсон нь монголчуудын хувьд тийм ч таатай бус мэдээ байлаа. Тэгвэл сүү, сүүн бүтээгдэхүүн тэр дундаа тослог ихтэй нь настай хүмүүсийн зүрх, судасны өвчлөлийн эрсдлийг бууруулдаг болохыг Шведийн эмч, мэргэжилтнүүд тогтоосон талаараа мэдээлсэн байна. Ингэхдээ тус судлаачид эл үр дүнг бусад орны эрдэмтдийн ижил төстэй мэдээллийн баазуудтай харьцуулсны эцэст ийнхүү олон нийтэд зарласан гэнэ. Уг судалгааны талаар “PLoS medicine” сэтгүүлд нийтэлжээ. ДЭМБ-ын мэдээллээр бол зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний архаг дутагдал зэрэг өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Жилд дунджаар 17 сая хүн үүний нас бардаг бөгөөд үүний ихэнх тохиолдол нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй аж. Цусны даралт ихсэх нь хоол тэжээлийн дутагдал, цусанд ашиггүй холестерин хуримтлагдсанаас болж атеросклероз болон бусад өвчин үүсэхэд хувь нэмэр оруулдаг. Тиймээс хоол хүнсэн дэх өөх, тосны хэмжээг бууруулахыг эмч нар байнга зөвлөдөг. Шведийн Мати Марклунд тэргүүтэй эмч нар судалгаагаараа сүү, сүүн бүтээгдэхүүнийг ашиг шимт хүнсний жагсаалтаас хасаж болохгүйг тогтоосноороо ач холбогдолтойг онцолжээ. Шведийн өндөр настай 4000 гаруй хүнийг эл судалгаанд хамруулан тослог сүүний хэрэглээг нь тогтмолжуулснаар эрүүл мэндэд нь эерэг өөрчлөлт гарч байгааг харьцуулсан юм байна. Эрдэмтдийн мэдээлснээр уг судалгааг залгамж халаа болгон 16 жилийн хугацаанд явуулсан гэнэ. М.Марклундын багийнхан “40 мянга гаруй хүн оролцуулсан, АНУ болон Европын олон улсад хийсэн ижил төстэй 17 судалгааг өөрсдийн ажиглалттай харьцуулж, үр дүнг шалгасан” гэжээ.