Иргэн Ц.Лхамжав тулгуур эрхтний бэрхшээлтэй. Түүний адил бэрхшээлтэй 21 000 иргэн манай улсад амьдардаг. Тэдэнд нийгмийн амьдралд оролцох хэрэгцээ, шаардлага өдөр бүр тулгарах нь мэдээж. Жишээ нь, ойр зуурт бол хүнсний дэлгүүр, эмийн сан, цаашлаад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад очиж үйлчилгээ авах шаардлагатай. Өмнө нь гэрээс гарах бүрт орчны хүртээмжийн асуудал тулгардаг байсан бол сүүлийн жилүүдэд нөхцөл байдал бага багаар сайжирч, хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөх болсныг Ц.Лхамжав хэлсэн.
Тэрбээр “Сүүлийн үед зарим байгууллага, аж ахуйн нэгж барилга барихаар зураг төсөл боловсруулахдаа л налуу зам, хүртээмжтэй ариун цэврийн өрөө, орц, гарцыг шийддэг болсон. Тухайлбал, “Холидэй инн” зочид буудлыг нэрлэе. Тус зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахад очиж үзсэн. Гаднах зогсоолд машин байрлуулах, дотогш орохоос авхуулаад хүртээмжийн асуудлыг цогцоор нь шийдсэн юм билээ. Ялангуяа ажилтнуудынх нь харилцаа, хандлагыг онцолмоор байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар асуудлууд тулгарах магадлалтайг тооцож, урьдчилсан бэлтгэлийг маш сайн хангадаг юм шиг санагдсан” гэлээ.
Түүний дүгнэлтээс үүдэн “Холидэй инн” зочид буудалд очиж үзэхэд хэлсэнтэй нь яв цав нийцэв. Менежер Б.Баярчимэгтэй уулзахад “Холидэй инн”-ийнхэн юуны түрүүнд олон улсын стандарт мөрддөг, нөгөө талаас нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд илүү нээлттэй байхыг хичээн ажилладгаа онцолсон. “Нэг, хоёрдугаар давхарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн явахад ямар ч асуудал тулгарахгүй” гэж Ц.Лхамжавын хэлснийг менежер бүсгүй мөн бататган ярилаа. Тиймээс эл байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан хурал, зөвлөгөөн, олон улсын арга хэмжээ зохион байгуулах нь олонтоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой автомашины зогсоол, автоматаар нээгддэг, босгогүй хаалга, давхар зарлагчтай, товчлуур бүр нь брайл үсэгтэй цахилгаан шат, тэргэнцэртэй хүмүүст зориулсан орц, гарц, ариун цэврийн өрөө зэргийг “Холидэй инн”-ийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд шийджээ. Үүнээс гадна сонсголын бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангасан байна. Тус зочид буудлын удирдлага ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх олон улсын туршлагыг нэвтрүүлэх сургалтад ажилтнуудаа хамруулсан аж. Орчны хүртээмжийг сайжруулахад цаашид ч хувь нэмрээ оруулах хүсэлтэй, сэтгэлтэй тус хамт олны эерэг хандлагыг илүү сайшаамаар санагдсан.
Хувийн хэвшлийн нэгэн байгууллага ийнхүү бүх хүн нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлжээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг, бодлогыг тодорхойлдог салбарын яам орчны хүртээмжийг хэрхэн бүрдүүлсэн бол. “Холидэй инн” зочид буудлаас гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд очлоо. Тус яамны байрны үүдний хэсэг налуу замтай. Үүдээр оронгуут угтах хэсгээс эхлээд чиглүүлэх хөтөч замтай аж. Шар зураас бүхий, хөлд мэдрэгдэх үл мэдэг товгор хөтөч зам нь нэгдүгээр давхарт байрладаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан газар, хэлтсүүдэд хүргэдэг юм байна. Өрөө бүрийн хаягийг брайл үсгээр бичжээ. Харааны бэрхшээлтэй иргэд хананд суурилуулсан бариулуудаас барьж явсаар хайсан хэлтэс, мэргэжилтнээ олж очих боломжтой. Тэргэнцэртэй иргэн дээд давхруудад очих шаардлагатай бол үүдний хэсэгт байгаа өргөгч тавцангийн тусламжтайгаар цахилгаан шатны дэргэд хүрч болох нь. Мөн цахилгаан шатны доторх хананд байрлуулсан бага зэргийн налуу толинд харж, баримжаа авч эргэдэг юм билээ. Үүнээс гадна цахилгаан шат нь хэддүгээр давхарт ирснийг “хэлдэг” зарлагчтай. Түүнчлэн ХНХЯ долдугаар давхартаа дохионы дуудлагын төв ажиллуулдаг. Дохионы хэлний багш нар уг төвд ажиллаж, иргэдэд үйлчилдэг юм байна. Халамж, даатгал зэргээр иргэд сонирхсон үйлчилгээнийхээ талаар эндээс асууж тодруулах боломжтой. Товчхондоо, бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй үйлчлүүлэх боломжийг салбарын яам нь ийнхүү бүрдүүлжээ.
Нөхцөл байдлыг илүү тодруулах үүднээс бид иргэн Т.Урантөгс, Ц.Лхамжав нараас тусламж хүслээ. Тэд бидний хүсэлтийг хүлээн авч, ХНХЯ-ны байртай танилцсан юм. Т.Урантөгс “Би хүзүү, нурууны хүнд гэмтэлтэй, тэргэнцэртэй, бас гадуур явахдаа бусдаас тусламж авдаг. ХНХЯ-ны байрны гаднах хэсгийн орчныг сайн тохижуулжээ. Налуу зам нь стандартад нийцсэн. Гэхдээ хаалга нь хүнд учраас онгойлгоход жаахан төвөгтэй санагдлаа. Байрны доторхыг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгон тохижуулсанд талархаж байна. Бас үйлчилгээ авахаар хандахад туслах хүн олон байдаг нь сайшаалтай. Мөн есдүгээр давхрын хурлын танхимаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгон тохижуулсан байна” хэмээлээ.
ХНХЯ-ныхан орчны хүртээмжийг сайжруулахаар 2016 оноос хойш эрчимтэй ажиллаж буй бөгөөд энэ талаараа бусад байгууллагад манлайлал үзүүлдэг. Тухайлбал, яам бүрт Хөгжлийн бэрхшээлийн эрхийг хангах дэд зөвлөл байгуулах ажлыг 2016 онд санаачлан, хэрэгжүүлсэн байна. Дэд зөвлөл бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж бүрдүүлэхийн төлөө идэвхтэй ажилладаг бөгөөд ажлын төлөвлөгөөгөө оны эхэнд боловсруулж, түүнийхээ хэрэгжилтийг дараа жил нь хянах тогтолцоо бий болгожээ. Энэхүү тогтолцооны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлийн эрхийг хангах дэд зөвлөлөөс авто замын гэрлэн дохионуудыг шинэчилж эхэлсэн юм билээ. Өмнө нь зөвхөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны урд талын зам л дуут дохиотой байжээ. Тэгвэл өдгөө Үндэсний номын сан, Сүхбаатарын талбай, Улсын их дэлгүүр орчим зэрэг олон газарт авто замын дуут дохио бий болгожээ.
Японы иргэн Хотака хөгжлийн бэрхшээлтэй гэж бодъё. Тэрбээр нийгмийн бүхий л харилцаанд саадгүй оролцох боломжийг Засгийн газар нь бүрдүүлсэн. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд нь нийгмийн хариуцлагын хүрээнд орчноо хүртээмжтэйгээр тохижуулдаг аж. Үүнээс гадна иргэд нь хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ ялгаварладаггүй. Гэрээс гараад автобусанд суух, зам хөндлөн гарах, таксигаар үйлчлүүлэх, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад очиход орчны бэрхшээл огт тулгардаггүй. Энэ талаараа Япон Улс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, туршлага түгээх хэмжээнд хүрсэн юм билээ. Харин бид тэдний туршлагаас суралцаж, хүртээмжтэй нийгмийг цогцлоохоор ажиллаж буй. Хүртээмжтэй нийгмийг цогцлооход дан ганц төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүч нөөц хүрэлцэхгүй, хувийн хэвшлийнхэн, олон нийтийн оролцоо, харилцаа, хандлага ч чухал нөлөөтэй билээ. Сэтгэл, санаачилга байхад хүртээмжтэй орчин бүрдүүлж чадахыг дээр дурдсан хоёр байгууллагын жишээ нотлох биз ээ.