АН-ынхан өчигдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдээс гадна тус тусдаа АН-ын даргаар сонгогдож, буруу харцгаагаад байсан М.Тулгат, О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс ч хүрэлцэн ирэв. Парламент дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ээлжит бус чуулган зарлахыг эрх баригчид болон УИХ-ын даргаас шаардаж буйгаа мэдэгдээд, шатахууны хомсдол, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд буй олон асуудалтай холбоотойгоор Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэв. Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэдээс уучлалт гуйхыг шаардлаа. Учир нь МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийн, уул, овоо тахиж орон нутгаар цар тахлын халдварыг тараасан хэмээн өнөөгийн Төрийн тэргүүнийг буруутгаж байгаа юм байна.
Улмаар шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх, хоёр хөршид суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох, удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардлаа. Тиймээс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг ирэх сарын 1-нд зохион байгуулах гэнэ.
Бэлтгэсэн Б.Уран