Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 53.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. Үүний дагуу Үндэсний аудитын газар Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаснаа мэдээлэв.
Уг сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшсэнийг мартаагүй буй за. Тэдний дансанд нийт 6.4 тэрбум төгрөгийн хандив төвлөрчээ. Тодруулбал, “Зөв хүн-Электорат” эвсэл 1.1, МАН 4.7 тэрбум, АН 459.1 сая төгрөгийн хандив хүлээн авсан байгаа юм. Харин эдгээрийг 29 хуулийн этгээд (184.4 сая), 5401 иргэн (5.4 тэрбум төгрөг) мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр өгсөн байна. Сонирхолтой нь, АН-д аж ахуйн нэгж, компани огт хандив өгөөгүйг тайлангаас харж болно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Д.Энхбат 23 хуулийн этгээдээс 143.2, У.Хүрэлсүх зургаан хуулийн этгээдээс 41.1 сая төгрөг хүлээн авчээ. Гэхдээ Үндэсний аудитын газраас гаргасан тайланд хоёр сая төгрөгөөс дээш хандив өгсөн 17 хуулийн этгээдийн нэрийг ил зарлав (Хүснэгтээс харна уу). Тэдгээрийн дунд алинд нь ч юм гурван сая төгрөг хандивласан “Түмэн шувуут” ХК байх агаад уг компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр нэгэн цагт АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан атал өөрийн бус, өрөөлийн намыг мөнгөөр дэмжсэн байх жишээтэй.
Гэвч чухам аль компани хэн гэдэг нэр дэвшигчид хандив өгсөн нь тодорхойгүй, төрийн аудитын байгууллага ч энэ талаарх мэдээллийг ил болгосонгүй. Уг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайлан агуулгын хувьд нэлээд баялаг байв. Тухайлбал, “Талх чихэр”, “Нүүдэл” зэрэг компани зөвхөн АН-ын нэр дэвшигч Х.Баттулгад охин компани тус бүрээсээ хандив өгсөн бол MCS групп МАН-ын нэр дэвшигч М.Энхболдод л хоёр ч охин компаниасаа мөнгө шилжүүлсэн нь ил болж байлаа. Мөн АН, МАН-ын нэр дэвшигчдийн аль алинд нь “Монос” групп хандив өгснийг тухайн үед хэвлэл, олон нийт онцолж байсан юм. Тус групп гурван охин компани тус бүрээсээ 15 (Хуулийн этгээдийн хувьд өгч болох хандивын дээд хэмжээ. Одоо ч ийм) буюу 45 сая төгрөгийг нэр дэвшигч М.Энхболд, хоёр “охин”-оосоо дээд хэмжээгээр буюу 30 саяыг нэр дэвшигч Х.Баттулгад өгсөн баримт бий. Уг нь ийм мэдээлэл ил тод байвал улс төр, бизнесийн бүлэглэлийнхний холбоо сүлбээ, эрх ашгийн хамаарлыг харж, хянахад илүү дөхөм болох байлаа. “Ил нэг, далд нэг өгнө” гэдэгчлэн толгой болон охин компаниудаараа дамжуулан улстөрчдөд их хэмжээний хандив, санхүүжилт өгч буй бизнесменүүд хийгээд тэднээс гуйж, гуядаж мөнгө гаргуулдаг улстөрчдийн хянах томоохон хөшүүрэг нь эл тайлан юм сан.
Тэдний зарцуулсан хөрөнгө бараг бүхэлдээ хандиваас бүрдэж буй. Тухайлбал, тус сонгуульд нам, эвслүүдээс 621.8, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлснээс бусад нь хандив юм. Уг нь 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон ч гурван нам, эвслийн орлого нийлээд 6.4 тэрбум болов. Бяцхан тайлбар хийвэл, өмнөх хоёр удаагийн сонгуулиар нам, эвслээс гадна нэр дэвшигчийн зарцуулах зардлын хэмжээг тус тусад нь зааж өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчилснээр Үндэсний аудитын газар зөвхөн нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоохоор болчихоод буй. Иймд өнгөрсөн сонгуулиар нам, эвсэл болон нэр дэвшигч нийлээд 8.1 тэрбум төгрөгөөс илүүг гаргах эрхгүй байсан гэсэн үг. Улмаар өмнө нь нам, эвсэл болон нэр дэвшигч тус тусдаа сонгуулийн зардлын данс нээдэг байсан бол энэ удаа зөвхөн нам нь дансаараа дамжуулан зардлаа удирдсан хэрэг. 8.1 тэрбум бол Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар нам, эвслээс гадна нэр дэвшигчээс гаргаж болох зардлын дээд хэмжээг нийлүүлсэнтэй дүйж буй тоо. Харин 2017 оныхтой харьцуулбал нам болон нэр дэвшигчийн хамтдаа гаргаснаас 2.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байлаа.
Нөгөө талаас хандивын дийлэнх буюу бараг 85 хувийг нь иргэдээс бүрдүүлжээ. Тодруулбал, “Зөв хүн-Электорат” эвсэл 1975 иргэнээс 503.7, АН 103 иргэнээс 165.6 сая, МАН 3323 иргэнээс 4.7 тэрбум төгрөгийн хандив авсан байна. Тэдгээрээс 2956 иргэн нэг сая хүртэл дүнтэй (нийт 581.2 сая), 2444 иргэн нэг саяас дээш (нийт 4.8 тэрбум) төгрөгийн мөнгөн хандив өгчээ. 2017 оны сонгуулиар АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд болон МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нарт 5500 гаруй иргэн 8.6 тэрбум, 36 компани 496 сая төгрөг хандивласан байдаг. Тодруулбал, Х.Баттулгад 1643 иргэн, 18 аж ахуйн нэгжээс 3.5 тэрбум төгрөг хандивласан нь хамгийн өндөр дүн болсон бөгөөд М.Энхболдод 1436 иргэн, 17 компани 2.8, С.Ганбаатарт 2476 иргэн, хоёр компаниас 2.85 тэрбум төгрөгийн өгсөн юм. Дээр тайлбарласанчлан энэ нь зөвхөн нэр дэвшигчдийн цуглуулсан хандив. Тус сонгуулиар АН, МАН гэхэд л нийлээд нам, эвслийнхээ хувиар 13.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Энэ талаас нь харвал, зардлын дээд хэмжээг бууруулснаар хандиваар цуглуулсан мөнгө ч үлэмж багассан нь илт. Гэхдээ энэ бол цаасан дээрх тоо. Зардлын тайланд тусгагдаагүй асар их мөнгө сонгуулийн үеэр эргэлддэг нь эчнээ танил болоод удаж буй.
Харин хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон мөнгөний эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг шалтгаанаар хуулиар зөвшөөрөөгүй 989 иргэний 177.2 сая төгрөгийн хандивыг нам, эвслүүд тайландаа оруулсан байсныг Үндэсний аудитын газрынхан илрүүлсэн байна. Улмаар 328 иргэний 173.1 сая төгрөгийн хандивыг буцааж, 646 иргэний 3.4 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгож, таван иргэний 0.7 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг өр төлбөр хэмээн тайлагнажээ. Төрийн аудитын байгууллагын зүгээс тайлангийн алдааг залруулахаас гадна дээрх зөрчлүүдэд төлбөрийн акт тогтоосон байна. Цаашлаад холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн аж. Тухайлбал, нам, эвслүүд тайландаа аудит хийлгэх компанийг ил тод, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулах, батлагдсан маягтын дагуу зардлаа үнэн зөв тайлагнаж байхыг зөвлөжээ. МАН “Бэйкер тилли далайван аудит”, АН “Пантер мидланд аудит”, “Зөв хүн-Электорат” эвсэл “Энич аудит” ХХК-иар аудит хийлгэсэн юм байна.
Хандив, орлогоо хэрхэн зарцуулсан тухайд бас л нам, эвсэл тус бүрээр нарийвчлан гаргасан зүйл алга. Ерөнхийд нь харвал тэд нийт зардлын талаас илүү буюу 3.4 тэрбум төгрөгийг сонгууль эрхэлсэн байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулжээ. УИХ-ын 2020 оны сонгуульд нийт нэр дэвшигчийн зардлыг нэгтгэж харвал, хамгийн өндөр дүнтэй нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан 44.1 тэрбум төгрөг буюу бараг 60 хувийг эзэлж байсан юм. Нэр дэвшигч бүр “сонгуулийн штаб” байгуулан ажиллаж байгаа нөхцөлд өндөр зардал гаргах нь зүйн хэрэг. Зардлын задаргааг ингэж харах боломж бүхий тайланг өмнө нь эрх бүхий байгууллагаас гаргаж байгаагүй тул УИХ-ын сонгуулийнхтай харьцуулахад хүрэв.