Таван давхар зургаан том корпус угсруулсан, хоёрыг нь гурван зуу орчим метрийн цаана нийлүүлэн барьсан, хөлбөмбөгийн, сагсны, газрын теннисний талбайтай, нэгдүгээр байрных нь өмнө кино театр, номын сан, хоолны газар, мөхөөлдөсний мухлаг болон тухлаг сандлуудтай. Байр бүрийн үүдэнд гүний цэвэр ус цоргоор гоожиж байдаг, зургадугаар байрных нь урд халуун усны газартай. Бас болоогүй байр бүрийн нэгдүгээр давхарт эмээ нарын гарын, гэрийн хоолны кафе, хичээл давтах өрөөтэй. Хонгилд спортын болон урлагийн танхимтай. Энэ юу вэ. Оньсого таалгасангүй.
Энэ бол манай улсын сонгодог хөгжмийн үе үеийн мэргэжилтнүүдийн суралцаж төгссөн Армян улсын Консерватор, хөгжмийн тусгай мэргэжлийн дунд сургууль болон Политехникийн дээд сургуулийн оюутны хотхоны зураглал юм. Хаа байсан хол, Кавказад байдаг улсын оюутны хотхон ямар байх нь хэнд хамаатай вэ гэж арай асуухгүй биз ээ. Монголынхоо оюутнуудын амьдардаг орчин, байр, ер нь нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжлаад, бичих зууртаа бодолхийхэд ийм дурсамж сэргэж байх юм.
Гадаад орнуудад аль ч үед их, дээд сургууль төгссөн хэн ч өөрийн амьдарч байсан сургуулийн оюутны байр, хотхоны тухай яривал тус бүртээ сонирхолтой жишээ болно. Монголчууд олноор суралцаж төгссөн ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн оюутны хотхон гэхэд л өнөө хэр нь аль 1985 онд ямар байсан, тэр үеийнх шигээ нам гүмхэн. Өглөө, өдөр, оройн аль ч цагаар алхаж явахад аятай тухтай хэвээр байна билээ. Ангар мөрний эрэгт ойролцоо байдгийг хэлэх үү, чийглэг, цэвэрхэн орчинд хуучин ч гэсэн өнөөх хэдэн саарал байшин янзаараа эгнэн байх нь сэтгэлд дотно. Оюутны хотхон бол залуусын тухтай, аюулгүй амьдрах орчин бөгөөд ийм байдал нь тэдний үр бүтээлтэй сурах нөхцөл болдог. Оюутны анхаарал сурах үйлсээс нь аль болох сарних ёсгүй юм. Тийм ч утгаар боловсролыг дээдэлдэг үндэстэн сургуулийг, багшийг, суралцагсдаа ч адилхан хайрлаж, ёстой л бүхнээ зориулах мэт ханддаг. Тийм ч болохоор анхны их сургуулиуд үүсэн бий болсон том гүрнүүдэд их, дээд сургуулийн хотхон буюу кампусыг хотоос зайдуу газарт, чимээ шуугиангүй орчинд төвлөрүүлэн байршуулж, удирддаг билээ. Оксфорд, Кэмбриж гээд бидний бахархан дуурайж, хөтөлбөрийг нь “хуулах” дуртай сургуулиудаас эхлүүлээд нэрлэж болно.
Монголд, улсын нийслэл Улаанбаатарт оюутны байрууд ямар байдгийг гадарладаг нь бий байх. Энд Боловсролын их сургуулийн мэдлийн “1000 оюутны” хэмээдэг оюутны байрны зургийг харуулав. Аль ч сургуулийн оюутны байрны нөхцөл адилавтар тул жишээ болгон үзүүлсэнд эмзэглэх хэрэггүй болов уу. Уг барилгыг 2013 онд ашиглалтад оруулсан. Байшин болон өрөө тасалгаа доторх тавилга сэлтийн тухайд гоочлох юмгүй. Харин гаднах орчин хэцүү. Хаашаа л харна шороо, машин зам, орон сууцын нурах шахсан мэт өнгө үзэмжгүй байшингууд. Юун хөлбөмбөгийн, сагсны, теннисний талбай.
МУИС-ийн оюутны байрнууд мөн адил тааруухан. Гайгүй нь III байр. Харин I, II, V байрны гаднах орчинд авах юм тун ховор. Эргэн тойронд нь баар, караоке, бильярд, цахим тоглоомын газар. Нэгдүгээр байрныхан хоёр хүн зөрж өнгөрөх төдий зайтай нарийн гудмаар харуй бүрийд орж, гарахдаа айдаг. Гаднах орчин нь ийм тааруу байхын сацуу зарим байр, тухайлбал I байр мөөгөнцөртсөн, энд тэндээ цоорхойтой учир салхи сийгдэг, дуу чимээ сонсогддог.
Үүний зэрэгцээ дотуур байранд ажиллагсдын хүнд суртал, хэл үгийн дарамт, үндсэндээ ёс суртахуун, харилцаа, хандлага оюутнуудыг илүүтэй стресст оруулдаг ажээ. Ийм байдал мөн л манай аль ч сургуульд адил.
Залуучууд дунд сурахын хажуугаар ажил хийдэг нь олон. Шөнийн ээлжинд явдаг нь ч байдаг. Тэд ажилдаа явах гэж гарах, ирээд орох гэхэд заримдаа зүрх алдуулам гэж үгээ бардаг. Жижүүр нь хаалгаа цоожилж, унтчихаад тайлж өгдөггүй. Орууллаа гэхэд загнаж, зандрахгүй өнгөрөөх нь үгүй. Хичээл ихтэй үед шөнөжин суух хэрэг гарна. Тэгэхэд “Гэрэл удаан асаалаа” гэж аашилдаг аж. Тэр юу ч биш. Өглөө босоод цайгаа уух гэж байхад үйлчлэгч ажилдаа ирснээ мэдэгдэх гэсэн шиг “Усаа татахад яадаг юм бэ”, “Шалны алчуур хэн аваад явчихав” гэх зэргээр хангинуулж гардаг гэнэ. Тэгж байтал байрны комендант тухайлбал, “Бие даах” өрөөний сандал хайж ч юм уу өрөө бүрийн хаалгыг нүдэж асуудаг гэнэ. Үйлчлэгч нар бол “хаан, хатан”. Хичээлээсээ хоцрох гээд яаран гүйж байхад шал угааж байхдаа явуулахгүй зогсоочих нь энүүхэнд. “Эгч ээ, уучлаарай, явахаас аргагүй нь” гэхэд “Би чиний уучлаарай гэдэг үгээр шалаа хатаах уу, хүлээж бай” гээд хээвнэг үргэлжлүүлэн зүлгэж байх нь гомдмоор. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын хамгийн том, нэр хүндтэй гэж өргөмжилдөг, хайрладаг сургуулийн оюутнууд дотуур байрандаа ингэж хавчигдаж, ажиллагсдын хүнд суртлын араа, шүдэнд зажлуулж амьдарсаар байх уу.
Гэтэл эхэнд дурдсан Ереванд суралцагч оюутнууд бол байрандаа “хаан, хатан” мэт. Цайны газар ажиллуулдаг эмээ нар оюутан бүрийг нэрээр нь дуудаж хүндэтгэнэ. Мөн тухайн үеийн түргэн хоол болох өндөг, хиам шарж өгсөн ч хэрхэн бэлтгүүлэх тухай заавал асууна. Ямар амтлагчид дуртай, цайндаа чихэр хийх, эсэхийг нь ч харгалзана. Гадаадын оюутнууд шөнө онгоцны буудлаас таксигаар хүргүүлж очиход жижүүрүүд нойроо харамлах нь бүү хэл инээд алдан босож ирэн, уриалгахнаар угтаж аваад, чемоданыг нь өрөөнийх нь үүдэнд хүргэж өгч тусална. Ялгаа ийм байна.
Манай улс сүүлийн 30 жилд аль ч салбартаа хайнга хандаж ирсэн. Тэр дундаа боловсролоо тавиад туучихсан гэхэд хилсдэхгүй бөгөөд оюутнуудын асуудлыг илүүтэй орхичихсон нь зөвхөн оюутны байрны гаднах болон дотоод нөхцөл байдлыг харахад л илт. Төрийнхөн ч, хувийн хэвшлийнхэн нь ч босго оноогоо багасган байж оюутан элсүүлж авахаа урьтал болгоно. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөрийг нь хурааж авах нь гол зорилго. Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн дунд зорьж сурахаар тэмүүлдэг нь байдаг. Гэртээ зүгээр суухын оронд хамт олонтой болж, үндсэндээ нийгэмшиж л байя гэсэн бодол, хүслээр их, дээд сургуулийн хаалга татах нь ч бий. Зарим эцэг, эх хөвгүүдээ цэрэгт явуулж байснаас дээд сургуулийн бараа харуулъя гэх шалтгаантайг ч үгүйсгэхгүй. Гэсэн ч оюутан л бол оюутан. Тэгэх тусмаа оюутны байранд төлбөрөө төлөөд амьдардгийн хувьд шаардах эрхтэй. Одоогийн байдлаар Боловсролын их сургуулийн байранд оюутнууд арван сарын хугацаанд 800 мянган төгрөг, харин МУИС-ийнхан 780 мянгыг төлж суудаг аж. Сургуулиудын удирдлагын зүгээс “Манай дотуур байрны төлбөр хямд. Өрөөндөө дөрвүүлээ амьдардаг. Давхар ор хаана ч байдаг шүү дээ. Ширээ, сандал дутуу юмгүй. Ер нь нөхцөл гайгүй” гэх болов уу. Гэсэн ч хоёр улсын оюутны байрнуудын ялгааны талаар цухас дурдлаа.
Оюутан аюулгүй, тав тухтай амьдарч, сурах үйлсдээ шамдахад хоног өнгөрөөх төдий байр хангалтгүй юм. Тэднийг сурах үйлсдээ зүтгэх ажил болон амралтаа хослуулж, бас зохицуулж цагийг үр бүтээлтэй ашиглан, сайн сурах нөхцөлөөр хангах нь төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын үүрэг юм. Оюутнууд ч хангамж нэхэх эрхтэй.
Оюутны сурах, амьдрах нөхцөл сайн, эсвэл тааруу байх гэдэг нь эцсийн дүнд эрүүл мэнд нь ямар байхын урьтал юм. Энэ утгаар оюутныг тав тухтай амьдрах нөхцөлөөр хангах, эсэх, ер нь төрийн зүгээс оюутанд хандах хандлагыг эерэг тийш өөрчлөх, эсэх нь нийгмийн олон асуудлыг хамтад нь ухаалгаар шийдэхийн түлхүүр ойлголт доо. Шулуухан хэлэхэд “Хүн биш, оюутан” гэх нь холгүй хандлага газар авах янзтай.