Норвегийн Ослод аравдугаар сарын 2-10-нд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодорчээ. Эрэгтэйчүүдээс Токиогийн олимпод хүч сорьсон зургаан бөхөөс гурав нь Ослог зорихоор болсон байна. Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахиа түрүүлэхийн тулд Норвегид хөл тавихаар болсон нь олны анхаарлыг татаж байна. Түүнээс гадна 61 кг-д Абасгажи Магомедовоос бусад жинд Сочид шигшээ багийн цугларалтад сорил барилдаан хийж, ялагчийг нь дэлхийн аваргад оролцуулах аж. Тэгвэл Беларусийн эрэгтэйчүүдийн шигшээ баг мөн л зодоглох бүрэлдэхүүнээ зарлав. Тэд найман бөхөө Норвегид сойх нь. Хөнгөн гурван жинд Тютрин, Бекренев, Скрябин зэрэг монголчуудын эчнээ танил якут хүчтэнүүд барилдахаар болжээ. Оросын ДАШТ-д түрүүлээгүй ч нэлээд медальтай Арыйан Иннокентьевич Тютрин хүч үзэхээр зэхэж байгаа тул 57 кг-ын жинд медаль хүртэх бөхчүүдийн тааварт явна.
Бэлтгэсэн Г.Цэцэг