Литвад үргэлжилж буй футзалын ДАШТ хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд тоглох 16 багийн нэр тодорлоо. Футзалын дэлхийн таван удаагийн аварга (1989, 1992,1996, 2008, 2012) ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Бразил, дэлхийн хошой аварга (2000, 2004) , ДАШТ-ий гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны дэлхийн аварга Аргентин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ-ын хөлбөмбөгчид хэсгийн тоглолтод нэг ч оноо алдаагүй хэсгээ тэргүүлсэн.
ДАШТ-д анх удаа оролцож буй Венесуэлийн шигшээ баг хэсгийн тоглолтод хоёр хожиж, нэг тэнцэн шөвгийн 16-д шалгарав.
Ази тивээс ДАШТ-д оролцож буй Иран, Япон, Узбекистан, Тайланд, Вьетнамын шигшээгийнхэн шилдэг 16-д тунасан юм. ДАШТ-ий хүрэл медальт Ираны баг үнэхээр үзүүштэй, гоё тоглолтоо харуулсан. Тэд хэсэгтээ хоёр хожиж, дэлхийн аварга Аргентиний багтай эн тэнцүү тоглон 1:2-оор ялагдан, хоёроор хэсгээсээ гарав. Мөн Узбекистан хэсэгтээ II бичигдсэн бол Тайланд, Вьетнам, Японы баг III орж, үзүүлэлтээрээ шалгарч, 16-д тоглох эрх авсан байна. Өчигдрөөс шилдэг 16 багийн хасагдах шатны тоглолт эхэлсэн бөгөөд Венесуэл-Марокко, Бразил-Япон, ОХУ-Вьетнам, Аргентин-Парагвай, Испани-Чех, Португал-Серб, Узбекистан-Иран, Казахстан-Тайланд гэсэн оноолтоор тоглож байна. Тоглолтын явцаас харахад Ази тивийн хоёр баг шилдэг наймд үлдэх нь тодорхой байна.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин