Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт хүртэл 1000 гаруй километр буюу холын зайд гүйж, эмэгтэй хүн тэр дундаа цэргийн алба хаагчийн тэсвэр тэвчээрийг олон нийтэд харуулж, үлгэрлэж чадсан. Тэрбээр 2021 оны наймдугаар сарын 1-нд олон өдрийн гүйлтийн замдаа гарсан. Улмаар зорьсон зорилгоо биелүүлж, амласан ёсоор хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан бариандаа орсон юм. Түүнийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, хамт олон өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Т.Рэнцэнбадамыг энэ үеэр Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, “Хилчний алдар-III” тэмдэг, нөхөн сэргээх эмчилгээнд зориулж таван сая төгрөгийн урамшуулал олголоо. Мөн “Хеппи веритас” эмнэлгийн захирал, ахмад хилчин С.Дүүриймаа Т.Рэнцэнбадам болон багийн гишүүдийг өөрийн эмнэлэгтээ бүрэн шинжилгээ, эмчилгээнд хамрагдах эрхийг гардуулан өгсөн юм.