Газар олголт, газрын харилцаа маргаан дагуулах нь олонтаа. Эл маргаан, булхайг багасгах чиг үүрэг бүхий Засгийн газраас томилсон ажлын хэсгийнхэн нийслэл, дүүргийн газрын албаны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, газар олголт, газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулж газар эзэмших, өмчлөх асуудлыг цахим системд нэвтрүүлснийг сайжруулах үүрэг өгсөн. Авлигын индексыг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ажлын хэсгийн зарим гишүүд өгсөн үүргийнхээ биелэлтийг шалгажээ. Тэд нэн тэргүүнд Газрын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан "ИГазар" веб системийн хөгжүүлэлтийн явцтай танилцлаа. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ үеэр Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын “UB ENGINEERING” цогц системийн талаар тодорхой мэдээлэл өгчээ. Энэ систем нь төсвийн үргүй зардлыг бууруулах, мэдээллийн сангийн баяжуулалтаар өмч хөрөнгийн бүртгэж, QR кодоор файзжуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд QR ашиглан дамжуулах, нийслэл дэх хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урсгал засвар, шинэчлэлийн ажлуудыг гүйцэтгэл, улсын комиссын шатанд мэдээллийн санд бүртгүүлэхэд чиглэсэн аж.