АНУ-д коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүний тоо ХХ зууны эхэн үед Испанийн томуугаар хорвоог орхисон иргэдээс ч давсныг Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэл харуулжээ. Испанийн томуугаар АНУ-д 675 000 хүн нас барсан бол коронавирусээр амьсгал хураасан нь 675 885-д хүрсэн байна.
Дельта хэлбэрийн халдвар тархаж буйн улмаас нас баралт нэмэгдсээр байгааг тус их сургуулийн мэдээлэл тэмдэглэсэн байна. Ялангуяа вакцинжуулалтын үзүүлэлт тааруу байгаа зүүн өмнөд муж улсуудад нас баралт нэмэгджээ. Сүүлийн долоо хоногуудад халдварын улмаас хоногт дунджаар 2000 гаруй хүн нас барж буй гэнэ. Америкийн эрх баригчид зөвхөн 65-аас дээш насныхан болон уг өвчин хүнд тусах эрсдэлтэй хүмүүст гурав дахь тунг санал болгож байна. Ерөнхийлөгч Ж.Байден иргэн бүрт нь гурав дахь тун хүрэлцэнэ хэмээн мэдэгдсэн ч мэргэжилтнүүд нь 65-аас доош насныхныг дахин вакцинд хамруулах шаардлагагүй гэжээ. Тус улсад хоногт дунджаар 150 мянган тохиолдол бүртгэгдэж байгаа ч энэ сар гарснаас хойш эл үзүүлэлт 10 хувиар буурсан гэнэ. Улс бүрт халдварын хүчтэй давлагаа хоёр орчим сар үргэлжлээд, намжиж буйг “New York times” сонинд тэмдэглэсэн байна. Ирэх арваннэгдүгээр сараас АНУ-д Европын Холбоо, Британи болон бусад улсаас коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан, шинжилгээ нь сөрөг гарсан зорчигчдыг нэвтрүүлэх гэнэ. Ингэхдээ иргэний агаарын тээврийн компаниуд зорчигчдынхоо утасны дугаар, цахим хаягийг авч, нэг сар хадгалах аж. Эл шийдвэр иргэний агаарын тээврийн компаниудын үнэт цаасны ханшийг өсөхөд хүргэжээ. Нөгөөтээгүүр, АНУ-ын “Пфайзер”, Германы “БиоЭнТеч” компаниас 5-11 насныхныг хамруулсан туршилт нь амжилттай болсныг мэдэгдэв. Тэдэнд насанд хүрэгчдэд хийж буй тунгийн гуравны нэг хэсгийг 21 хоногийн зайтай хоёр удаа тарихад өндөр настнуудынхтай адил түвшний дархлаа тогтсон аж.