1996 оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Орос улсад цаазын ялыг сүүлчийн удаа гүйцэтгэжээ. Гэхдээ хамгийн сүүлд ямар этгээдийг цаазалсан талаарх мэдээлэл нууц байдаг. Гэсэн ч зартай гэмт этгээд Фишерийг цаазалсан гэх таамаглал түгээмэл юм. Энэ “түүхэн” этгээд 11 хүүхдийн аминд хүрсэн байв. Түүнийг Сергей Головкин гэдэг байлаа. Фишер гэх хочтой тэрбээр цаазлуулах үедээ 36 настай байжээ. 1986-1992 оны хооронд хэрцгийгээр амийг нь хороосон хүүхдүүдийнх нь хамгийн бага нь 12 настай байсан аж. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний Москва орчимд байсан зуслангийн байрнаас ердөө 500 метрийн зайд байсан гараашаа Фишер нэг ёсондоо хүн тамлах оромж болгож хувиргасан байсан гэдэг.
Сергей Головкин 1959 онд Москвад төржээ. Ээж нь энгийн л гэрийн эзэгтэй, харин эцэг нь архинд дуртай, зарим баримтад дурдсанаар бол согтуу үедээ эвгүй зан гаргадаг байж. Сергей багын бие муутай ч сайн суралцаж, дунд сургуулиа мөнгөн медальтай төгсөв. Охид түүнийг төдийлөн хайхрахгүй, хөвгүүд болохоор шоолно, дээрэлхэнэ. С.Головкин дайны тухай кино, ялангуяа фашистууд энгийн номхон иргэдийг доромжилж буй үйл явдлыг үзэх ихээхэн дуртай байж. Улмаар хүчирхийллийг таашаадаг, өөрөө ч ийм үйлдэлд дуртай болсоор байв. 13 настайдаа нэг муур авчран, өрөөгөө түгжиж байгаад тэр амьтныг дүүжилж, яргалахад сэтгэл санааных нь хямрал арилах шиг болж, дотор нь уужирчээ. Амьтан тамлах үйлдэл нь даамжирсаар загастай аквариум дотор ус буцалгагч хийж залгаснаа ч юманчинээ бодохоо больжээ.
Амьтдаас ганц адуу л С.Головкины санаанд нийцнэ. Тэрбээр Тимирязевийн академийн зоо техникийн ангид суралцав. Ахлах курсийн оюутан байхад нь түүнийг танхай хүүхдүүд зодож, хамрыг нь хугалж, хэдэн шүдийг нь булгалжээ. Тэр хүүхдүүд 12-14 насныхан байсан нь гаж донтон С.Головкины гарт амиа алдах хүмүүсийн нас, хүйсийг тодорхойлж өгсөн гэлтэй. Тэрбээр өсвөр насныхныг дээрэлхэж, тэднийг зовж тарчлахыг харах хүсэлд автах болжээ.
1982 онд Сергей Головкин анхны гэмт хэргээ үйлдэх оролдлого хийв. Ойд тэнэж яваад 12 настай хүүтэй тааралдаж, яриа үүсгэтэл хүү муу зүйл болохыг таамагласан мэт гүйгээд явчихсан аж. С.Головкин тэгэхэд хүүхдүүдтэй юм ярьж нялганалгүйгээр гэнэт дайрах нь зөв юм байна гэж боджээ. Үүнээс хойш нэг их удалгүй С.Головкин мөнөөх ойд мөөг түүж яваа 14 настай хүү рүү дайрчээ. Гэтэл хүү айхавтар эсэргүүцэл үзүүлж, бас ойролцоох газарт нь хэсэг мөөгчид байсан тул мань эр яаж ч чадсангүй. Үүнээс хойш тэр хоёр жил “ан ав” хөөцөлдсөнгүй.
1984 оны зун тэрбээр хутга аваад, ой руу явах үедээ хашаанаасаа гарч, нууцаар тамхи татах гэж буй хүүг олж харав. С.Головкин шууд л давхиж очоод хутга гарган айлгаж, хүүг ой руу авч орлоо. Хүү эсэргүүцэл үзүүлсэнгүй. Ихэд айсан учраас модноос дүүжлэхэд ч хүү хүлцэнгүй байжээ. Аз болоход гаж донтон алдаа хийж, хүү амьд үлдсэн бөгөөд өөрт нь чухам юу тохиолдсоныг ухаарахгүй ойгоор удаан тэнүүчилсэн аж. Гэлээ ч 1993 онд нүүрэлдүүлэхэд хүү Сергей Головкиныг таньсан байна.
1986 оны дөрөвдүгээр сарын амралтын нэгэн өдөр С.Головкин нийтийн унаагаар Москва орчимд баахан тэнээд эцэст нь ойн дагуу ямар ч зорилгогүй сэлгүүцэж байтал 16 орчим насны хүү дугуйгаар давхин, хусны шүүс цуглуулж байхтай тааралдав. Мөн л хутга гарган сүрдүүлж, багалзуурыг нь шахаж алаад, хоолойг нь хэрчиж орхиод яваад өгчээ. Тэр өдрийн орой болоход хүүг эрсээр эрэмдэглэгдсэн цогцсыг эцэг нь олсон байна.
С.Головкин дараагийн аллагаа 1987 оны долдугаар сард үйлджээ. Тэрбээр Угрюмово тосгонд “Звёздный” гэдэг хүүхдийн амралтын газрын орчимд явж байгаад 14 настай хүүтэй халз тулгарсан аж. Түүнийг мөн л модноос дүүжилж, амьсгал хураахыг нь хүлээх зуураа яргалжээ. Үүнээс хойш хэдэн сар ч болоогүй байхад өглөө гүйж явсан 16 настай хүүг алж орхив. Чухам энэ үеэс л гаж донтон Фишер гэдэг хочтой болж, Оросын гэмт хэргийн түүхэнд уг нэрээрээ үлдсэн байна. Амиа алдсан хүүгийн найзын ярьснаар бол тэр өдөр хоёул явж байгаад нэг танихгүй хүнтэй тааралдаж, тэр хүн өөрийгөө Фишер гэж танилцуулжээ. Тухайн үед аймшигтай алуурчин, хүүхэд хулгайлагчийн тухай зүрх хирдхийлгэм яриа гарч, түүнийг Фишер гэдэг байсан гэх цуу ч гарчээ. Өөр нэг таамаглалаар бол нүүр нь битүү сорвитой, баруун гар дээрээ хутга, могой, Фишер гэсэн шивээстэй 30 орчим насны өндөр хүн байдаг гэх яриа ч байв. Энэ бүхэн гэрчүүдийн зохиосон зүйл байлаа.
1988 онд С.Головкин “Жигули” машин, гарааштай болжээ. Тэрбээр хожим нь мэдүүлэг өгөхдөө “Гараашдаа газар доорх давхар бий болгож, тэнд секс, гэмт хэрэг хийх бодол төрсөн” гэж хэлсэн байдаг. Энд хүн дүүжлэх, тамлах төхөөрөмж, лантуу, хутга, царил, сүх, олс, дуран зэрэг байх болж. Уг гараашдаа анх 15 настай хүүгийн амийг хороосон аж. 1989 оны намрын нэгэн налгар өдөр тэр хүү танихгүй хүний машинд суужээ. Хүүг С.Головкин гараашдаа аваачин олсоор хоолойг нь боож алсан байна. Ийнхүү тэрбээр эрэгтэй хүүхдүүдийг машиндаа суулгаж, гараашдаа авчирч алах, эсвэл гэмт хэрэг, тухайлбал, агуулах юм уу, дэлгүүрээс хулгай хийхийг тулган, эс зөвшөөрвөл тамладаг байж. Хүүхдүүдийг машин дотроо суулгахгүй, тээшиндээ хийж гараашдаа авчирдаг аж.
Дараагийн гэмт хэргийг С.Головкин 1991 оны наймдугаар сард үйлдэв. Тэр нь 15 настай хүү байлаа. Замын машинд суух гэж байгаад хүү гаж донтны гарт өртөж амиа алджээ. 1992 оны дөрөвдүгээр сард 16 настай хүү машинд нь сууснаа айхавтар алдаа гаргаж, хутга гарган С.Головкиныг сүрдүүлж, машиныг нь булааж авахыг санаархжээ. Энэ бол Фишерийн гарт амиа алдсан найм дахь хүн байв. Хамгийн сүүлчийн, хамгийн харгис хэрцгий хэргээ мань гаж донтон 1992 оны есдүгээр сард гурван хүүг гараашдаа хуурч авчирч хийсэн аж. Тэр гурав С.Головкинтой танилцаад агуулахаас тамхи хулгайлахад нь туслахыг зөвшөөрчээ. Тэднийг гараашдаа оруулаад “Та нар Фишерийн тухай сонссон уу, тэр чинь би байна. Та нарыг одоо ална” гэж хэлснээ С.Головкин хожим нь мэдүүлжээ. Гурван хүүг Фишер өөрийн гараар, үзэшгүй муухайгаар яргалсан байна. Үүнийг уншигчдад үгчлэн хүргэхээ түдгэлзье. Жаворонки өртөөн дээр хүүхдүүд дөрвүүл явж байсан аж. Үүнийг анзаараагүй нь гаж донтны алдаа байлаа. Ийнхүү дөрөв дэх хүү амьд үлдэж чухал гэрч болсон аж.
Москва орчимд цуврал алуурчин бий болсон нь 1986 онд л тодорхой байлаа. Ингээд Одинцовын дүүрэгт шилдэг мөрдөн байцаагчдаас бүрдсэн тусгай бүлэг байгуулж, “Аварга могой” нэртэй ажиллагаа эхлүүлэв. Тэд урьд нь шийтгүүлж явсан, сэтгэцийн өвчтэй 50 мянга орчим хүнийг шалгасан байна. Гэсэн ч алуурчин олдохгүй л байлаа. Энэ явцад Фишертэй холбогдолгүй 2000 орчим хэрэг илрүүлжээ. С.Головкины үйлдсэн гэмт хэргийг ЗХУ-ын хамгийн зартай гаж донтон Андрей Чикатилогийнхтой адилтгах гэж хэсэг хугацаанд оролдов. Тэд хэргээ нэг цаг хугацаанд үйлддэг байж. Гэхдээ А.Чикатилогийн үйлдэл, шинж байдлыг судлаад тэд өөр арга барилтай болохыг тогтоожээ. Зөвлөлтийн бас нэг цуврал алуурчин, багш Анатолий Сливкогийн намтрыг харгалзаж үзээд шуурхай ажилтнууд тухайн үеийн дасгалжуулагч, дугуйлангийн удирдагч, багш нарыг шалгахад Фишер тэдний дунд байсангүй. Одинцовын дүүргээс эрэмдэг, зэрэмдэг болсон хүүхдийн цогцос олдсоор байлаа. Амиа алдсан хүүхдүүдийн үс бууралтсан байсан нь мөрдөн байцаагчдын анхаарлыг эрхгүй татаж байв. Тамлал, зовлон үзсэн хүүхдүүдийн үс богино хугацаанд өнгөө хувиргадаг аж.
Гаж донтон Одинцовын дүүргийн оршин суугч гэдэгт хуулийнхан эргэлзэхгүй байлаа. Явуулын хүн нэг газар гэмт хэрэг үйлдээд байна гэж үү. Тэгээд ч дүүрэгт онцгой байдал тогтоосон 1991 оны наймдугаар сард Фишер нэг хүнийг хулгайлжээ. Гаж донтон бас цогцос зөөдөг машинтай нь тодорхой болов. Сүүлчийн гурван золиосоо булсан газрыг эцэст нь оллоо. С.Головкиныг баривчлахаар шийдвэрлэв. Гэвч шууд нотолгоо байхгүй тул гэмт хэрэгтэн бүгдийг үгүйсгэж байлаа. Түүгээр ч барахгүй хорих өрөөнд амиа хорлох гэж оролдов. Сэргийлэхийн ажилтнууд түүний гараашид нэгжлэг хийхэд тэндхийн бүх юм цусанд будагдсан байлаа. Энэ нэгжлэгийн тухай сонсоод Фишер үйлдсэн санаанд багтамгүй гэмт үйлдлүүдийнхээ талаар ярьж эхэлсэн аж. Тэгэхдээ сэтгэл сэрдхийлгэсэн үгээр наадам тохуу ч хийж байв. Хүүхдүүдийн амийг хэрхэн хороодог байсныг нь шүүгч асуухад “Хүүгээ аваад ир л дээ, би харуулъя” гэж байжээ. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дагуу цаазаар авах ялыг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч С.Головкин үхэх бодлоо гэнэт өөрчилж, цаазаар авах ялыг эсэргүүцсэн гомдол бичиж эхэлсэн гэнэ. Хэдий тийм боловч тэрбээр 1995 оны арваннэгдүгээр сарын 26-нд гомдлыг нь үл зөвшөөрсөн хариуг шүүхээс авчээ. Энэ өдөр тэрбээр 36 нас хүрсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант