Цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан орон сууцын барилгын гүйцэтгэгч “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун 2020 оны хоёрдугаар сарын эхээр мэдээлэл хийж “Цагдаагийн алба хаагч нарыг хямд орон сууцтай болгохын тулд ЦЕГ манай компанитай гэрээ байгуулан барилгын ажлаа эхлүүлсэн. Цагдаагийн хурандаа нар намайг дарамтлан баригдаж буй барилгаасаа үнэгүй өгвөл санхүүжилтийг чинь шийднэ гэх болсон. Би гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авахын төлөө төрийн албан хаагч нарт авлига гэж орон сууц өгмөөргүй байна. Сүүлдээ орон сууц авахаа больё. 320 сая төгрөг бэлнээр өгчих. Тэгвэл танай санхүүжилтийг гаргаж өгнө гэсэн” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. Үүний дагуу цагдаагийнхан ч дотооддоо шалгалт хийж, АТГынхан ч мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байдаг. Гэтэл өнөөг хүртэл энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй болов. Магадгүй цагдаагийн хурандаа цолтой эрхмүүд нь оролцсон, нэг нь бүр улс төрийн албан тушаал хашиж эхэлсэн болохоор хэргийг шалгаж буй АТГ-ынхан чимээгүй болчихов уу гэх хардлага төрөх болов. Магадгүй АТГ-ыг цагдаагийн байгууллагаас гаралтай эрхмүүд удирдаж буй болохоор ч тэр үү, хурандаа цолтнуудынхаа холбогдсон үйлдлийг хаацайлж байна уу.
Бидэнд олдсон мэдээллээр “Бавгар” компанийнхнаас мөнгө нэхсэн гэх үйлдэлд холбогдуулан тухайн үеийн ЦЕГ-ын дарга асан, хурандаа Р.Чингис, тэр үед Дотоод хяналт, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан дэд дарга, сүүлд ТЦА-ны даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, хурандаа Д.Амарсайхан нарыг холбогдуулан шалгах болсон гэх.
Цагдаагийн алба хаагч дын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хуучнаар Эрэлч нохойн алба байрлаж байсан, Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг, УС-15 гудамжинд хөнгөлөлттэй үнээр орон сууц бариулах үүрэг бүхий ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны долдугаар сарын 18-ны 477, мөн оны арванхоёрдугаар сарын 12-ны 851, тухайн сарын 30-ны 910, 2015 оны есдүгээр сарын 7-ны А/61 дугаар тушаалд үндэслэн байгуулсан аж. Уг ажлын хэсгийн ахлагчаар ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвийн дарга байсан, хурандаа С.Отгонбаатар, нарийн бичгийн дарга нь тус төвийн дэд дарга асан, дэд хурандаа Б.Цогтбаяр, гишүүнээр ЦЕГын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга байсан, хурандаа Н.Батсайхан нарыг томилсон гэнэ. Ажлын хэсгийнхэн орон сууц барих гүйцэтгэгчийг сонгохдоо бие даан барилга барих санхүүгийн чадваргүй, 12 болон 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөлгүй, барилга барих боловсон хүчин, ажилтан, тоног төхөөрөмжгүй “Бавгар” ХХКийг сонгон шалгаруулж, “Хууль сахиулагч-1” хэмээх 1216 давхар, 376 айлын орон сууц бүхий хотхоны төслийг гүйцэтгүүлэхээр болжээ. Ийм аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулснаас болж 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын В, Г хэсгийг бариагүй, 125 алба хаагч орон сууцтай болохоор захиалгаа өгсөн мөнгөө буцаан авч чадаагүй хохирчихоод байгаа юм билээ. Түүнчлэн дээрх барилгаас 30 орон сууцыг хэн эзэмших талаар гэрээнд огт тусгаагүй бөгөөд Д.Амарсайхан нь бусдаар дамжуулан “Бавгар”-ын захирлаас хахууль авахыг завдсан байж болзошгүй гэдэг. Уг нь АТГынхны шалгалтын явцад нэг хурандаа нь Х.Оюунтай уулзаж 30 байр, хоёр пентхаус, эсхүл 320 сая төгрөг бэлнээр өгөхийг шаардсан нь тогтоогдсон гэх мэдээлэл бий. Хоёр пентхаусын нэгийг нь Д.Амарсайхан даргын садангийн хүүхэд авах гэж “Бавгар”-ын захирлаас
шаардсан. Түүгээр ч зогсохгүй Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртад эрчим хүчний дахин дамжуулах станцыг “Хасбу цахилалт” ХХК-иар бариулсан нь хурандаа Д.Амарсайханы эзэмшлийнх байсан гэдгийг ч мөрдөгчид тогтоосон юм байх. Мөн Р.Чингис хурандаа ч бас тухайн пентхаусыг очиж үзээд нэгийг нь өгөхийг дээрх компанийн захирал Х.Оюунаас шаардсан гэх мэдээлэл бий.