Энэ золгүй осол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Нугын тохой гэх газарт болжээ. Тэрбээр хоёр дүүгийнхээ хамтаар тогтоол ус руу орох гэж байсан малаа буцаахаар явсан аж. Гэтэл эрэг нь нурж, дөрвөн метр гүн тогтоол усанд 13 настай хүү живж амиа алдсан гэнэ.
Уг нь цагдаа, онцгой байдлын байгууллагаас хүүхдүүдийг усанд осолдохоос сэргийлэх талаар мэдээлэл хийдэг ч эцэг, эхчүүд төдийлөн анхаардаггүйгээс харамсалтай явдлууд гарч байна.
Тухайлбал, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга “Онцгой байдлын байгууллагатай хамтран жил бүр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг. Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн усанд осолдох тохиолдол их байна. Усны ослоор эндсэн хүүхдүүдийн олонх нь орон нутагт, эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж амиа алдсан” хэмээн мэдээлж байв.