“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Гүрсоронз, Д.Одгэрэл хэмээх ах дүүс, Д.Батбаяр нарт холбогдох, иргэдийг залилж их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх даваа гаргаас эхлэн хэлэлцэж байна. Тэд “Амар амгалан” хэмээх орон сууцын хотхон барьж, ам метрийг нь зах зээлийн үнээс хямдаар борлуулж, ипотекийн таван хувийн хүүтэй зээлд хамруулна хэмээн иргэдийг итгүүлж, 465 иргэний дөрвөн тэрбум гаруй төгрөгийг авч залилсан хэрэгт холбогдсон юм. Дээрх гурван хүнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч мэхэлсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Шүүх хуралд олон хохирогч оролцож буй бөгөөд “Ковид19”-өөс сэргийлэн хоёр цаг болоод завсарлаж, хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байгаа аж. Өнгөрсөн даваа гарагт шүүх хурал 22.00 цаг хүртэл үргэлжилсэн бол өчигдөр ч мөн нэлээд оройтож завсарласан юм.