Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан болон ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Пүрэвдорж, мэргэжилтэн Д.Барсболд, “Алтан буйлааст” ХХК-ийн захирал Н.Бадрах, “Цогт барс” ХХК-ийн захирал Б.Жавзандамба нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн хэлэлцэж чадахгүй удаж байна. Уг нь эл хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 онд мөрдөн шалгасан бөгөөд анх Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч шүүхийн харьяаллыг нь өөрчилж, Ховд аймагт нь шийдвэрлэхээр шилжүүлсэн бөгөөд гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг анх тавдугаар сарын 14-нд товлосон аж. Гэвч түүнээс хойш удаа дараа хойшлуулсаар ирэх сарын 18нд хэлэлцэхээр болсон гэнэ.
Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан болон П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан тус аймгийн Зэрэг сумын төвийн тохижилтыг хийх гэрээ байгуулсан “Цогт барс” ХХК-ийнханд давуу байдал олгож, ажлаа хийгээгүй байхад нь 279 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Харин “Алтан буйлааст” ХХК-ийн захирал Н.Бадрахыг дээрх компани тохижилтын ажлаа хийгээгүй атал тохижуулсан мэтээр хуурамч тайлан гаргаж дээрх албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулсан хэрэгт буруутгасан аж.
“Цогт барс” ХХК-ийн захирал Б.Жавзандамба нь улсын төсвийн 279 сая төгрөгийг хуурамч гүйцэтгэлээр шилжүүлэн авснаас гадна бусдыг алилсан хэрэгт ч холбогджээ. Тэрбээр иргэн Б-гийн “Приус-20” загварын автомашиныг “Ховдод очоод мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн залилан авч өөр хүнд худалдсан, иргэн Г-т “Хоёр өрөө байр зарна” гэж итгүүлэн 481 төлөг, 89 сэрхийг нь мэхэлж авсан хэмээн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн байна.