Ном, сонин, шинжлэх ухааны бүтээл зэрэг хэвлэмэл материалыг аудио болон файл хэлбэрт оруулж, цахимаас уншиж, чихэвчээр сонсож болдог сайхан үе ирсэн. Замын түгжрэлд, завгүй өдрүүдийн алинд ч уран зохиолын мундгууд, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, багш, оюутан, судлаач хэний ч бүтээлийг гар утас, компьютерын дэлгэцээс сонсох, уншиж танилцах нь цагаа хэмнэн, мэдлэгээ тэлэх сайхан завшаан. Эл ажлыг манайд анх санаачлан, нэвтрүүлсэн нь “Степпе линк” компанийхан аж. Өнгөрсөн баасан, бямба, ням гарагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан “Digital nation -2021” арга хэмжээний үеэр тус компанийнхан
“Контент центр” платформоо танилцууллаа. Уг платформын тусламжтайгаар дээр дурдсанчлан бүх төрлийн хэвлэмэл материалыг цахимжуулан, архивлан үлдээх боломж бүрдүүлжээ. Архивын материалыг хоёр хувилан, нэг нь захиалагчдад очих бол нөгөө нь гүйцэтгэгч талд үлдэнэ. Материалын нууцлалыг чанд хадгалан, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах цахим сан үүсгэн, байршуулж үлдээнэ. Хэвлэмэл ном, сонин, бусад материал ямар нэгэн байдлаар гэмтэх, элэгдэж хуучран, үг, үсэг нь танигдахгүй болох магадлалтай. Байгалийн болон гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр устаж үгүй болох ч эрсдэлтэй. Тэгвэл цахим архив, номын сан нь эл бүх эрсдэлээс хамгаалах юм. “Степпе линк” компанийн гүйцэтгэх захирал С.Бауырбек "Хэвлэмэл материалыг цахим хэлбэрт шилжүүлэн, архив үүсгэн хадгалах нь орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн алхам төдийгүй тухайн бүтээлүүд элэгдэж хорогдон, алга болохоос сэргийлсэн үйлдэл юм. Мөн харааны бэрхшээлтэй иргэд аудио
ном сонсох дуртай байдгийг онцолъё. Ер нь ном, сониныг PDF хэлбэрт шилжүүлэхийг цахим хэлбэрт оруулсан гэж ойлгох нь буруу. PDF бол зурган формат төдий. Харин манай систем нь контентын бүх үсэг, тэмдэгтийг хөрвүүлэн, олон боломж бий болгосон. Тодруулбал, тухайн контентыг цахим талбараас агуулгаар нь хайх боломжтой. Хэн нэг нь хайж буй сэдвийнхээ хүрээнд өгүүлбэр бичин оруулахад тухайн агуулга, аль контентын хэддүгээр хуудсанд байгаа нь төвөггүй харагдана. Мөн хуулбар шалгуур буюу тухайн бүтээл хэний, ямар ном зохиол, эрдмийн ажлаас хэдэн хувийн агуулга багтаасныг мэдэх боломжтой. Эдгээр ажлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийдгээрээ онцлог” гэлээ.
2025 оноос үндэстэн даяараа хос бичигтэн болох санаачилга, уриалгыг “Спеппе линк” компанийнхан дэмжин, кириллээс уйгаржин, уйгаржингаас кирилл рүү хөрвүүлэх аппликэйшн бүтээсэн аж. Ингэснээр албан байгууллага, хувь хүмүүс бичиг баримтаа аль нэг бичиг рүү хөрвүүлэн, хөтөлж болох төдийгүй, мөн цахим санд хадгалуулах боломж бий. Хамгийн сүүлд “Степпе линк”-ийнхэн “Үнэн” сонины 100 жилийн ойд зориулан, 20 000 дугаар буюу 120 000 нүүрийг цахимжуулжээ. Эл ажлыг гүйцэтгэхэд гурван сарын хугацаа зарцуулсан гэсэн. "Үнэн" сонины 1946 оноос өмнөх дугааруудыг уйгаржин бичгээр бичсэн байсан ч өдгөөэбүх дугаар нь кирилл үсгээр, цахим санд байршуулсан нь олны талархал хүлээсэн ажил болжээ.
Олон нийт, ном сонирхогчид, оюутан, сурагчдын өргөн хэрэглээ болсон ESAN платформ бас “Степпе линк”-ийнх. Тус санд өдгөө 50 000 гаруй ном, товхимол, өгүүлэл багтсан нь Монголд хамгийн томд тооцогдох, үндэсний хэмжээний цахим ном санг бүрдүүлж чаджээ. Үүнээс гадна боловсролын салбарын багш, судлаач, оюутнуудын бүтээлийг унших боломжийг олон нийтэд олгох, оюуны өмчийг хамгаалах зорилгоор “ESAN еdu” платформ хөгжүүлсэн байна, тус компанийнхан. Одоогоор “ESAN еdu” платформд дотоодын 10 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн ном, эрдмийн ажлуудыг байршуулахаар төлөвлөн, ажлаа эхүүлсэн гэнэ. “Степпе линк” компанийн мэдээллийн технологийн төслийн менежер С.Төрболд "Цахим номын сан, архив гэдгийг товчхон хэлэхэд хэвлэмэл материалуудыг дижитал орчинд унших, сонсох боломж бүрдүүлсэн хэрэг. Хүмүүс маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж хийх зүйлсийг бид OCR буюу тэмдэг таних технологи ашиглан, хиймэл оюун ухааны тусламжтайгаар аль болох богино хугацаанд гүйцэтгэдэг. Тэмдэг таних технологиор хуулбарлан цахим талбарт оруулах үед зарим хэвлэлийн үг, үсэг андуурагдах тохиолдол гардаг. Ийм үед ажиллан, уг үг, үсгийг зөв дараалалд оруулан, зөв бичиж хадгалдаг. Нэлээд хуучирч,баларсан үсэг, үгийг таньж чадахгүй бол NLP нь автоматаар мэдээлж, хүний тусламж эрэн, зөв үгээ олж бичдэг юм. Нэгэнт зассан үг, үсгийг дараа нь хэзээ ч алддаггүйгээрээ онцлогтой. Мэдээж технологи ашиглан гүйцэтгэсэн бүх ажлыг бид хянаад явдаг” хэмээн ярилаа. Дээрх компани мэдээллийн технологи, боловсрол, соёл урлаг зэрэг 12 чиглэлд үйл ажиллагаа явуулаад зургаа орчим жил болжээ. Хэвлэмэл материалыг дижитал болгох, сонсох, унших боломж бүрдүүлэхийн зэрэгцээ цахим архив үүсгэн
урт удаан хугацаанд хадгалах ажлыг гүйцэтгэн иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэсэн. Мөн дотоодын хөрөнгө оруулалтаар компаниа байгуулж, монгол инженерүүдийн хүч хөдөлмөр, оюун ухаан шингэсэн бүтээл бий болгож буйгаараа бахархдагаа С.Бауырбек дурдсан юм