Дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн Үндсэн хууль судлаач Д.Гангабаатарыг УИХ дэмжиж, томилно гэдэгт найдаж байна. Учир нь урьдын томилгоонуудын дийлэнх нь улстөрчдийн дундаас, эсвэл тэдний гар, хөл бологчдоос хийгдэж, илт шүүмжлэл дагуулж ирсэн. Цаашид ч мэргэжлийн, нэр хүндтэй судлаачид, хэн нэгний заавар, зангаагаар ажиллахааргүй хүмүүсийг томилж, Үндсэн хуулийн цэцийг цэгцэлье. Тухайлбал, тун удахгүй Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг чөлөөлж, орных нь хүнийг томилох учиртай. Түүнийг 2016 онд томилсон учраас 2022 он гарав уу, үгүй юү бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм. Угтаа тэр Цэцээс хэдийн явчихсан байхаар хүн л дээ. Гэвч олон нийтийн шүүмжлэлийг үл тоон суусаар л буй. Хоёр жилийн өмнө “Korean аir” компанийн онгоцоор Сөүлийг зорьж байхдаа үйлчлэгч бүсгүйн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэгддэг Д.Одбаяр тухайн үед Үндсэн хуулийн цэцийн даргын албаа өгснөөс өөрөөр хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүргэв. Буруугүй байсан нь цаг хугацааны эрхээр улам тодорно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, шүүхэд хандахаа мэдэгдсэн түүнийг зөвтгөн, цагаатгах, өөрийнх нь хэлсэнчлэн нийтээрээ яллаж, сийчиж, гүтгэснийг үгүйсгэх баримт, шийдвэрийн аль нь ч одоо алга.
Үнэндээ Д.Одбаярыг томилогдоход нь ч олон нийт таатай хүлээж аваагүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар өнөөгийн эрх баригчид үнэмлэхүй ялалт байгуулсныг ч хэлэх үү, “Ардын намынхан “ажилгүй” болсон нэг гишүүнээ Цэцэд суулгачихлаа” гэх маягаар л ярьж байсан. Ер нь АН, МАН гэлтгүй аль олонх нь, тухайн үеийн улс төрийн амьдралд хамгийн нөлөөтэй, хүчтэй нь Цэцэд хүнээ тавьж ирсэн учраас тэр л жишгийн дагуу түүнийг томиллоо гэлцэж байсан нь нууц биш. Д.Одбаяр нь 2004, 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Харин түүний суудалд өмнө нь Ерөнхийлөгч асан П.Очирбат тухалж байлаа. П.Очирбатыг 2005 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон бөгөөд улиран ажиллаж, 10 гаруй жилийн дараа явсан нь тэр. Өөрөөр хэлбэл, УИХ-ынгишүүн, Ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст өр төлж байгаа аятай Цэц рүү илгээж ирсэн энгийн жишээ нь энэ. “Өр төлж байгаа” хэмээсний учир өнөөдүүл нь өндөр албыг сэлгэн сэлгэн хашихдаа өөрийн гэсэн үнэт зүйл, зарчим, улстөрчийн өв гэхээр зүйл үлдээгээгүй, хийсэн тодорхой ажилгүй байх нь олонтоо тул ийн тодорхойлов. Үндсэн хуулийн цэц гэлтгүй өөр олон чухал томилгоог ийм байдлаар хийж ирсний балгаар өнөөгийн манай төрийн алба, улс төрийн амьдрал хөөрхийлөлтэй атлаа харгис, халгаж зугтаамаар болчихоод буй. Тухай тухайн үеийн нөхцөл байдал, эрх барьж буй нөхдийн хандлага, эрх ашигт нийцүүлэн гаргасан гэмээр шийдвэрийнх нь төлөө Цэцийг “Үеэ өнгөрөөсөн улстөрчдийн морг” гэх зэргээр элдэвлэн цоллодог нь одоо хатуу сонсогдохоо ч байчихаж.
Дээр дурдсанчлан Цэцэд хадаатай юм шиг, хэдэн арван жилээр тухалдаг “уламжлал” бас бий. Жишээ нь, өдгөө даргаар нь ажиллаж буй Н.Чинбатыг 1998 онд УИХ, 2017 онд Дээд шүүхээс санал болгосноор томилсон юм. 10 гаруй жилийн зайтай, өөр өөр байгууллагаас санал болгосноор эл албыг хашиж буй тэрбээр Үндсэн хуулийг “манах” үйл хэрэгт чухам ямар өв үлдээсэн бэ. Түүнчлэн 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ж.Амарсанаа 1998 оноос хойш тасралтгүй гурав, Н.Жанцан 1992 оноос дараалан дөрвөн удаа томилогдсон түүхтэй.
УИХ-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин “морг” хэмээн цоллон, шүүмжлүүлэн байж “Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болно” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан ч Цэц өөрөө үүнийг нь хүчингүй болгосноор хэдэн ч удаа томилогдон ажиллаж болох нөхцөл эргэн ирсэн. Гэхдээ “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэх заалт бий (Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65). Дээд шүүх гэхэд л Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг хэд хэдэн удаа явуулахдаа насны босгыг харгалзан зарим хүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна лээ. Хэдийгээр “чөлөөлөгдөж болно” хэмээсэн нь чөлөөлөгдөхгүй байж болохыг ч хэлж байгаа ч хэдэн настай хүнийг улираан томилох, эсэхээ харгалзах учиртай сан.
Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг 2018 онд санал болгон, томилуулсан. Тэдний томилолт 2024 онд дуусах ёстой. Тухайн үед Төрийн тэргүүн ойрын хүрээллийн хүмүүсээ Цэцэд шургууллаа хэмээн шуугьж байлаа. Түүнээс гадна тэд хуульч мэргэжилтэйгээс бусдаар Цэцийн гишүүн байх шаардлага, туршлагыг төдийлөн хангаагүй нь шүүмжлэлд өртсөн юм. Тухайлбал, Б.Туулхүү нь социализм, БНМАУ-ын үед хуульчаараа ажилласан байх жишээтэй. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт байсныг эс тооцвол 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал, 2012-2015 онд “Cентерра гоулд Mонголиа” ХХК-д менежер, 2015-2018 онд “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал гэх мэт олон
нийт, бизнесийн байгууллагад л ажиллажээ. Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг “Төрийн өмчийн хорооны” хэмээн тодотгох нь бий. Үнэхээр ч тэрбээр ажлын гараагаа ГовьАлтай аймгийн Өмч хувьчлалын комиссоос эхлүүлж, Төрийн өмчийн хорооны даргаар нэг бус удаа томилогдон дэвшжээ. Намтраас нь харвал Төрийн өмчийн хороонд ажиллаагүй үедээ бизнесийн (“Гурван гол холдинг” ХХК) салбарт тасралтгүй ажилласан байх аж. Төрийн болоод хуульчийн ажлын туршлага нь бизнест хүч үзсэн түүхээс хавьгүй нимгэн нэгэн Үндсэн хуулийг маналцаж явна. Үүнээс хойш, түүнээс цааш томилуулахаар санал болгож байгаа нь ч, томилж байгаа нь ч ийм хүмүүсийг эрээ цээргүйгээр дэмжиж, зүтгүүлэхээ л больчих.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх шаардлагатай. Харин тэднийг санал болгох, томилох эрх бүхий хүмүүс нь яаж ойлгохоороо олон нийтэд илт гологдохуйц хүмүүсийг нэр дэвшүүлж, батлаад байдаг нь үнэхээр ойлгомжгүй. Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг томилсны дараа тэднийг мэргэжлийн бус, туршлагагүй гэх шүүмжлэл газар авахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгэнтээ “Эрхзүйчийн дипломтой, нэг бол улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэж хуульд заасан. Өмнө нь хуульчийн диплом ч үгүй хүмүүсийг томилж байсан. Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэх хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангахгүй байж болно гэж ойлгож байгаа. Цэц бол хамгийн сайн хуульчдын цуглуулга байх ёстой гэсэн заалт хуульд байхгүй. Ядаж л УИХ-ын гишүүн, намын дарга зэрэг алба хашиж байсан хүмүүсээ улс төрийн өндөр мэргэшилтэй гэж ойлгон улстөрч томилохгүй бол зөвхөн багш нарын цуглуулга байж болохгүй. Ерөнхийлөгч Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шаардлагад нийцсэн хүмүүсийг л нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт нэг өөр, хуулийн ойлголт бас өөр. Улс төрийн салбарт ажиллаагүй эрдэмтэд ийм гомдол гаргаад
байх шиг байгаа юм. Хүмүүсийн энэ мэт ойлголтод тааруулж санал болгох шаардлагагүй гэж үзсэн” хэмээж байсан юм. Халаатай, ээлжтэй албанд очсон хүмүүсийн ойлгосноор, тэдний эрх ашигт нийцүүлэх бус, Үндсэн хуулиа хамгийн сайн хамгаалж, мөрдүүлж чадах хүмүүсийг Цэцэд томилж, цэгцлэх ажлыг хойш тавилгүй эхлүүлье.