Увс аймаг, ОХУ хооронд байрлалтай, 110 кВ хүчин чадалтай “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлаж эхэлсэнтэй холбоотойгоор уржигдраас Ховд, Увс, Баян-Өлгийд эрчим хүч тасалджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн төвийн цахилгааныг уржигдар, өчигдрийн 06.00-21.00 цагт бүрэн, Увс, Ховдын төвд хэсэгчилсэн байдлаар хязгаарласан байна. Ингэснээр Баян-Өлгийд 21.00-06.00 цагт, Увс, Ховдын зарим хэрэглэгчид Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлж буй гэнэ. Харин дээрх аймгуудын сумдын хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хоёр өдөр цахилгаангүй байжээ. Энэ нь ОХУ талаас агаарын шугамын урсгал засвар, “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн зүгээс шугам хүчитгэх төлөвлөгөөт ажил хийж байгаатай холбоотой гэдгийг Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ. Засварын ажлыг өнөөдрийн 22.00 цаг хүртэл хийж дуусгахаар төлөвлөснийг тус төвийн ерөнхий диспетчер Б.Баатар дурдав. Дээрх аймгуудын 50 гаруй сумынхан ийнхүү гурав дахь өдрөө цахилгаангүй байх бөгөөд шаардлагатай тохиолдолд 20 орчим нь дизель хөдөлгүүр асааж буй гэнэ.
Бэлтгэсэн С.Дулам