АИ-92 бензиний хомсдол үүсэн, эрэлт нь огцом өссөн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл өчигдөр мэдээлэв. Албаныхны мэдээлснээр шатахууны хомсдол долоо хоног үргэлжилнэ гэв. Улсын хэмжээнд сард 38 00040 000 тонн АИ-92 хэрэглэдэг өгөөд үүний 95 хувийг нь ОХУ-аас импортолдог аж. Манайх хойд хөршөөс сард багадаа 28 000 тонныг худалдах, удалдан авах гэрээ байгуулжээ. Гэтэл наймдугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас 28 000 тонн бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүйгээ мэдэгдэн, энэ сарын 16-ны байдлаар 7400 тонныг борлуулаад экспортоо зогсоожээ. Ингэснээр БНХАУ-ын “China oil” компаниас 1037 чингэлэг буюу 50 000 тонн АИ-92-ыг “Шунхлай”, “Петровис” зэрэг таван аж ахуйн нэгж авахаар болж, энэ сарын эхээр мөнгөө шилжүүлэн гэрээгээ байгуулсан гэнэ. Гэсэн ч Хятадын төмөр замын ачааллаас шалтгаалан тээвэр хийгдэхгүй хүлээгдсээр байгаа аж. Ингэснээр өчигдрийн байдлаар төвийн бүсэд АИ-92 бензиний ердийн хэрэглээний дөрөв, хязгаарлалттай борлуулбал долоо хоногийн нөөц үлджээ. УУХҮЯ-наас шатахуун тээврийн асуудлыг зохицуулж өгөхийг хүсэн БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандсан бөгөөд долоо хоногийн хугацаанд АИ-92-ыг урд хөршөөс татан авах боломж бүрдүүлэхээ салбарын сайд Г.Ёндон хэлсэн.
Мөн ОХУ-ын албаныхан, экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй ярилцахаар өнөөдөр (өчигдөр) Монголоос төлөөлөгчид явсан байна. Түүнчлэн ОХУ нийлүүлэлтээ танахаар мэдэгдсэн ч аж ахуйн нэгжүүд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлээгүй дутагдал бийг Г.Ёндон дурдлаа. Харин “Петровис” компанийн төлөөлөл “Нөөц бүрдүүлэх, эсэх нь санхүүгийн чадамжтай шууд холбоотой. Манай компанийн хувьд АИ-92-ын борлуулалтын литр тутамд 123 төгрөгийн алдагдал хүлээж буй. Одоогоор 28 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна. Коронавирусийн тархалт, бусад хүчин зүйлээс шалтгаалж шатахууны үнэ нэмэхийг төрөөс эсэргүүцсэн хэвээр. Үнэ чөлөөлбөл бид ОХУын талтай өөрсдөө зөвшилцөн, бүх төрлийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх боломжтой” гэлээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт АМГТГ-аас хийсэн мэдэгдэлд шатахууны хомсдол үүсэхгүй, үнийг нь өсгөхгүй гэсэн ч өчигдрийн байдлаар АИ-92-ын ердийн хэрэглээний дөрөв хоногийн нөөц үлдэн, АИ-95-ын ханш 100 төгрөгөөр өссөнийг хүлээн зөвшөөрлөө.
Бэлтгэсэн С.Цэрэн