УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд 16 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор өнгөрсөн бямба гаргаас сурталчилгаагаа эхлүүлсэн бөгөөд АТГ-т илгээсэн хөрөнгө, орлогын мэдүүлэг нь ч ил болсон юм. Мэдүүлгээс харвал жилийн орлогоороо хамгийн өндөр нь ХҮН-аас 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй Б.Найдалаа аж. Тэрбээр 158 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь жилд 17 сая төгрөг олдог хэмээн мэдүүлсэн байна. Гэхдээ МАН-аас 28 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Батшугарын гэр бүлийн орлого хамгийн өндөр буюу 704 сая төгрөг бөгөөд өөрөө 92 сая төгрөг олдог гэжээ. Тэрбээр 162 сая төгрөгийн хадгаламжтай бол хоёр тэрбум төгрөгийн зээлтэй байгаа нь нэгдүгээрт бичигдэх үзүүлэлт юм. Э.Батшугар нь “Эскон”, “Хаттан интернейшнл Монголиа”, “Миллнниум капитал интернейшнл”, “Милленниум энтертэйнмент”, “Момиэд”, “Милленниум финанс”, “Содмаргад”, ЗГМС, “Засгийн мэдээ”, ЗМС, “Эс си эн майнинг”, “Рескон”, “Медиахолдинг”, “Ремиф технложис”, “Эрчим хүч түгээх сүлжээ”, “Монсамил”, “Монфарм трейд” зэрэг компанийг 100 хувь эзэмшдэг юм байна.
Түүнчлэн 100-гаас дээш сая төгрөгийн орлоготой нэр дэвшигчдийг дурдвал, 28 дугаар тойрогт Үнэн ба зөв намаас өрсөлдөх А.Отгонбаатар 115, гэр бүлийнхэн нь 114, тус дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшсэн Ш.Төмөрсүх 106 сая төгрөг олдог гэнэ. Гэхдээ Ш.Төмөрсүхийн гэр бүлийнхэн орлогогүй бөгөөд тэрбээр амины болон нийтийн, зуслангийн байшингүй, хашаагүй юм байна. Мөн Хэнтий аймагт ШИНЭН-аас нэр дэвшигч Д.Баатаржав ч хашаа, байшин ч үгүй байхгүй гэнэ. Хэнтий аймагт АН-аас өрсөлдөх Б.Гарамгайбаатар ч амины болон нийтийн, зуслангийн байшингүй, хашаагүй гэж мэдүүлжээ. Үүнээс гадна Ард түмний олонхын засаглал намаас 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт өрсөлдөх Д.Чулуунбат нь гэр бүлийн гишүүдийн орлого байхгүй, амины болон нийтийн, зуслангийн байшингүй, хашаагүй хэмээсэн байх аж. Тэрбээр өөрөө жилд 450 мянган төгрөгийн орлоготой гэсэн ч нэр дэвшигчдийнхээс хамгийн багад тооцогдоно. Мөн “орох оронгүй”, орлого нь ч бага, жилд өөрөө 1.2 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь ч юу ч олдоггүй нэр дэвшигч бол Сонгинохайрханд АН-аас сойсон Э.Бат-Үүл. Дэлхийн монголчууд намаас тус дүүрэгт өрсөлдөх Л.Цог жилийн орлогоо 1.1 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Харин Ард түмний олонхын засаглал намаас 28 дугаар тойрогт хүч үзэх А.Батдорж нь өөрийгөө ямар ч орлогогүй гээд, гэр бүлийн гишүүд нь жилийн 27 сая төгрөгийн орлоготойг дурдсан байна. Мөн ИЗНН-аас Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх Ш.Гантулга өөрийгөө ямар ч орлогогүй, гэр бүлийн гишүүдээ 25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.
Нэр дэвшигч А.Отгонбаатарын хувьд өөрийн болон гэр бүлийн орлогоос гадна 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, “Toyota crown”, “Lexus-570” маркийн автомашинтай, 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 45 сая төгрөгийн хадгаламжтай, 51 сая төгрөгийн авлагатай зэрэг нь олон нийтийн сонирхлыг нэлээд татсан. Үүнтэй холбоотойгоор тэрбээр нийгмийн сүлжээнд “2013 онд дарга нарыг шүүж “Манайд хоноё” нэвтрүүлэг хийж тэмцэж явахад “Гэр хороололд байдаг ядуу юм төрд орж баян болох гээд байна. Чи гэрээ засаад, төрөө засаарай” гэж доромжилж байлаа. Найман жилийн дараа, 2021 онд “Энэ муу их баян болжээ” гээд доромжилж байна. Ардын хүүхдийн амьдрал дээшилж, авлигач нартай тэмцэж ч болохгүй юм гэж үү. Би төрд ажиллаж, төсвөөс хулгай хийгээгүй. Бусдын адил шударга амьдарч явна. Би танд ямар гэм хийсэн юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлээд амжсан.
Сонирхуулахад, Хэнтий аймагт ИЗНН-аас нэр дэвшигч А.Бархүү нь “Peugeot-206”, микроавтобус, “BMW-740”, “Chrysler сross-fire”, “Mercedes Benz-A160”, “Hyundai starex”, мотоцикл эзэмшдэг хэмээн мэдүүлсэн нь хамгийн олон төмөр хүлэгтэй гэж тодотгоход хүрэв. Мөн Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн Х.Бат-Ялалт нь өөрөө 43.6, гэр бүлийнхэн нь 30 сая төгрөгийн орлоготой, нийтийн болон зуслангийн байшин нэг нэгийг эзэмшдэг, хоёр ч автомашинтай, бусдыгаа бодвол цөөнгүй малтай, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 5.2 сая төгрөгийн хадгаламжтай, дөрвөн төрлийн тусгай зөвшөөрөлтэй гэнэ. Сонгинохайрханд ШИНЭН-аас нэр дэвшигч Ц.Гантулгын тухайд өөрөө зургаа, гэр бүлийн гишүүд нь 287 сая төгрөгийн орлоготой бөгөөд амины болон үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай таван объекттой, “Nissan-Patrol”, “Suzuki-Vitara” автомашинтайгаас гадна таван байршилд эзэмших эрхийн газартай юм байна. Хэнтийд МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нь өөрөө 22, гэр бүлийнхэн нь 40 сая төгрөгийн орлоготой, нийтийн орон сууц болон хашаа байшин тус бүр нэг, үйлчилгээний зориулалттай хоёр байгууламж эзэмшдэгийг мэдүүлгээс харж болно. Мөн “Toyota-Lexus” автомашин, өмчлөх хэлбэрээр гурван байршилд газартай, 15 сая төгрөгийн хадгаламжтай, 58 сая төгрөгийн авлагатай, 104 сая төгрөгийн зээлтэй бөгөөд “Хэнтий ТВ”-ийн 56 хувийг эзэмшдэг аж. Тус аймагт бие даан нэр дэвшсэн М.Чингисхаан нь 10 сая төгрөгийн орлоготой, 33 сая төгрөгөөр үнэлэгдэх гэртэй, 99 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.