“Улаанбаатар” кино наадмыг анх 2004 онд нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж, 2013 оноос Монголын урлагийн зөвлөл олон улсынх болгон өргөжүүлсэн. Ингэснээр дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор жил бүр зохион байгуулж буй. 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх сарын 18-24-нд зохион байгуулна. Тус кино наадмыг жил бүр монгол, эсвэл Монголын уран бүтээлчдийн хамтарсан киног үзүүлж нээдэг уламжлалтай. Өнөө жилийн наадмын нээлтийн киног сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд кино найруулагч, уран бүтээлчдийн бүтээлийг ирэх сарын 1-нийг дуустал хүлээн авах аж. Ташрамд сонирхуулахад, “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр онцлох орны болон олон улсын кино үзвэр, “Үзэхийн хязгаар” хэсэг, “Ирж яваа цаг” кино форум, “Монгол кино” хөтөлбөр, “Хангарди” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар”-ын үеэр Канн, Берлин, Венец болон олон улсын бусад кино наадмаас шагнал хүртсэн дэлхийн шилдэг 150 орчим индепенпент, артхаус киног үзэгчдэд үзүүлсэн ба нийт 1000 гаруй уран бүтээлчийг кино форум болон кино салбарын сургалтад хамруулж, мэргэжлийн чадавхыг нь дээшлүүлжээ.