30 дахь удаагийн Үндэсний номын баярыг “Өдөр бүр уншъя” уриатайгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Тус баярт оролцсон хамгийн залуу “зохиолч” нь Б.Бэрх байв. Нийслэлийн 93 дугаар сургуулийн сурагч, 10 настай тэрбээр Үндэсний номын баярт “Бэрхийн яриа” номоороо оролцсон юм. Тэрбээр “Надад хөгжилтэй явдал олон тохиолддог. Тэдгээрийн талаар ном бичихийг хүссэн. Мөн таагүй, гунигт дурсамжуудаа ч багтаасан. Бас хэнд ч хэлээгүй зарим нууцаа ч хуваалцсан. Өнөөдрөөс бүтээлээ (өнгөрсөн баасан гараг) номын дэлгүүрүүдээр худалдаж эхэлсэн” гэв. Б.Бэрх номоо хоёр жилийн өмнөөс ээжтэйгээ хамтран бичсэн бөгөөд хөгжилтэй түүх олныг багтаахын тулд адал явдалтай зүйлс хийж, аялалд явжээ. Б.Бэрх “Хүүхдүүд томчуудтай харилцахаас айдаг. Айх зүйлгүйгээр бодож буй бүхнээ томчуудтай хуваалцахад миний ном тусална гэж найдаж байна” хэмээв. Тэрбээр Үндэсний номын баяраар олсон орлогоо хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн аянд зарцуулахаар төлөвлөсөн аж.
Бэлтгэсэн А.Хангай