Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал “O couture” брэндээрээ тансаг зэрэглэлийн хувцсыг хэрэглэгчдэд хүргэдэг. Тус брэнд намрын загваруудаа гаргажээ. Үүнд торгон оруулгатай бомбер хүрэм, бошинз, хилэн материалтай хүрэм, түүнчлэн ажил хэрэгч хүмүүст зориулсан хослолууд, үндэсний дээл тэргүүтэй хувцас багтсан байна. Ингэхдээ романтик хэв маяг болон сонгодог загварыг онцолжээ. Тэрбээр “Загвар зохион бүтээгч үзэл бодол, оюун санаа, төсөөллөөрөө л загвараа гаргадаг. Түүнийг нь таалах хүн байхад шүүмжлэх нь ч бий. Гэхдээ шүүмж, судалгааг сонсох, унших хэрэгтэй. Түүнээс хэрэгтэй зүйлээ авч болно. Уран бүтээлч хүн бүрт онгод бий. Тэр онгодоо хөглөх хэрэгтэй. Тэгж байж ямар нэгэн сайхан, мэргэн санаа төрдөг. Ингэж хөглөхийн тулд ажилдаа шунаж, дурлах ёстой. Ажлаа зогсолтгүй хийсээр л байвал ар араасаа загварууд, бүтээлүүд төрөөд л байдаг. Юм хийх тусам хүний оюун ухаан хөгжиж, сэтгэж байдаг шүү дээ. Би кутюр чиглэлээр бүтээл урладаг Элле, Валентино нарын мундаг загвар зохион бүтээгчийн бүтээлээс сэдэв, санаа, өнгөний шийдлийг нь харж судалдаг. Өнгөрсөн жил би сонгодог стилиэр дагнаж загваруудаа урласан. Харин энэ жил романтик стилийг сонгосон нь энэ. Хар, хүрэн, ногоон болон бусад тод өнгийг голчилсон. Энэ жил тренд болж буй торон материалыг мөн түлхүү ашиглалаа. Мөн хаут кутюр (гар аргаар урласан тансаг зэрэглэлийн загвар) чиглэлийг дан гоёлын даашинз биш, өдөр тутмын хувцсанд шингээхийг хичээж буй” гэв.
Бэлтгэсэн А.Хангал