Дэлхийн цаг уурын байгууллага Гамшгийн тархвар судлалын судалгааны төв, Онцгой байдлын үйл явдлын мэдээллийн сангийн бүртгэл, тайланд үндэслэн 1970 оноос хойших ус, цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдлээс үүдэлтэй хохирлын тооцоог гаргажээ. Сүүлийн 50 жилийн хугацаанд 22 326 гамшигт үзэгдэл болсны 11 072 нь ус, цаг агаар, уур амьсгалынх бөгөөд 2.6 сая хүн золгүй байдлаар амиа алдан, эдийн засагт 3.6 их наяд ам.долларын хохирол учруулсан байна. Өдөрт дунджаар 145 хүн ийм шалтгаанаар амиа алдсан гэсэн үг. Тодруулбал, нийт аюулт үзэгдлийн 50, үүнээс улбаатай нас баралтын 45, эдийн засгийн алдагдлын 74 хувь нь дээрх гурван хүчин зүйлээс шалтгаалжээ. Гамшигт үзэгдлийг төрлөөр нь авч үзвэл эдийн засагт хамгийн их хор хохирол учруулсан нь хар шуурга (521 тэрбум ам.доллар) болон үер (115 тэрбум ам.доллар) аж. Он цагаар нь эрэмбэлбэл 2017 онд дэлхий нийтээрээ үлэмж их хэмжээний хохирол амсжээ. Энэ онд болсон Харвэй, Мария, Ирма хар салхи гэхэд 80 мянган хүний амийг авч, 223 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Гангийн улмаас 650, хар шуурганы нөлөөгөөр 577, үерээс болж 567, хэт халалтын уршгаар 555 мянган иргэн эндсэн нь хамгийн олон хүний аминд хүрсэн гамшигт тооцогдож байна. Ус, цаг агаар, уур амьсгалын аюулт үзэгдлээс үүдэлтэй хохирлын хэмжээ хөгжиж буй болон буурай орнуудад өндөр байгаа нь гамшгийн менежмент, хариу арга хэмжээ авах нөөц боломж султай холбоотойг “Нас баралт ба эдийн засгийн алдагдлын атлас”-т дурджээ.