Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд “Адра” хэмээх хамтлаг уран бүтээлээрээ шинэ өнгө нэмж эхлээд буй. Энэхүү хамтлаг хөгжмийн продюсер, төгөлдөр хуурч А.Болорхүү, гоцлол гитарчин О.Бархүү, аргил гитарчин Д.Нармандах, бөмбөрчин Ю.Батпүрэв, даралтат хөгжимчин О.Хүрэлбаатар, дуучин Б.Ядамсүрэн нарын уран бүтээлчээс бүрддэг. Тус хамтлагийн дуучин Ядгаа буюу Б.Ядамсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Хамтлагаа яагаад “Адра” гэж нэрлэв?
-Хүчтэй, догшин гэсэн утгатай үг юм билээ. Үгийн энэ утга их таалагдсан.
-Танай хамтлагийн гишүүдийг сонсогчид тус тусын уран бүтээлээр нь эчнээ мэднэ. Яагаад нэг хамтлаг болохоор шийдэв. Хэрхэн нэгдсэн бэ?
-А.Болорхүү ахын санаачилгаар энэ хамтлагаа байгуулж, түүний удирдлагад уран бүтээлээ хийж байна. Бүгд өмнө нь өөр хамтлагт тоглож, хувийн уран бүтээлээ хүргэж байсан хүмүүс учраас ойлголцоход амар, гар сайн нийлдэг.
-Урын сандаа хэчнээн бүтээлтэй болов?
-Хоёр ч цомгийн дуу бэлэн болчихсон.
-Дуунуудынхаа ая, үгийг өөрсдөө зохиодог уу?
-Бэлэн болсон дуунуудын аяыг А.Болорхүү ах зохиосон. Мөн О.Хүрэлбаатар ахын зохиосон дуунуудыг ч урын сандаа багтаана. Харин үгийг яруу найрагч, дуу зохиогчдоос авч байгаа. Дуунуудын бичлэгийг өөрсдөө хийж, хөгжмийн тохируулга, найруулгыг ОХУ-ын уран бүтээлч Максим Комов гүйцэтгэж буй.
-Ямар урсгалаар түлхүү туурвиж буй вэ?
-Тийм, ийм гэж хэлбэрт баригдахыг хүсэхгүй байгаа. Яагаад олон төрлөөр уран бүтээл хийж, өөрсдийгөө туршиж болохгүй гэж. Мөн хүмүүсийн сонсохыг хүсэж буйг, өөрсдийнхөө хийхийг хүссэнээ хослуулан бүтээх зөв мэт санагддаг. Мөн шинийг ч эрэлхийлэх ёстой. Ажих нь ээ, 1960-1970-аад оны үеийн рок хөгжим эргээд “моод”-нд орж байна. Бид ч хард рок болон классик рок төрлийн уран бүтээл хийхээр төлөвлөсөн.
-Аль нэг студи, продакшнд харьяалагдаж байгаа юу?
-Одоогоор Д.Лхагвасүрэн ахын дэмжлэгээр “Heaven” студид түшиглэн уран бүтээл, сургуулилалтаа хийж байна.
-Цомгоо хэзээ сонсогчдод хүргэх вэ?
-Цахим хэлбэрээр цомог, мөн зургаан дуутай пянз гаргахаар төлөвлөж байна. Ирэх онд сонсогчдод хүргэх төлөвлөгөөтэй.